Сүүлийн 5 жилд бүртгэгдээгүй их хэмжээний агаарын бохирдол болон авто замын түгжрэлтэй тэмцэхийн тулд Бангкок хотын удирдлагууд нийтийн тээврээ 7 хоногийн турш үнэгүй болгох шийдвэр гаргасан байна.
Агаарын бохирдлын улмаас Тайландын эрх баригчид нийслэл Бангкок хотын 350 гаруй сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Жил бүрийн өвөл Зүүн Өмнөд Азийн орнуудад өвлийн хүйтэн агаар, тариаланчдын өнжмөл өвс тариагаа шатааж гаргасан утаа, машины угаар зэрэг нь холилдон агаарын чанарт нөлөөлөх гол шалтгаан болсоор ирсэн юм.
Агаарын бохирдол нь тус бүс нутгийн хувьд энгийн үзэгдэл болоод байгаа ч Бангкок хотыг энэ долоо хоногт нөмөрсөн утаа 31 дүүргийн 352 сургуулийг үүд хаалгаа барихад хүргэжээ.
Тайландын эрх баригчид иргэдийг гэрээсээ ажиллахыг зөвлөж, авто зам дээрх хүнд машин техникийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Өнгөрсөн баасан гарагийн өглөө Бангкок хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5 хэмжээ нь 1 куб метрт 108 микрограмм хүрч, хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтын 7-д бичигджээ.
Тайландын Дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракул өнжмөл өвс шатаахыг хориглож, Давост Дэлхийн Эдийн Засгийн форумд оролцож байгаа Тайландын Ерөнхий сайд Пэтонгтарн Шинаватра Бангкок хотод барилга бүтээн байгуулалтын ажлыг хязгаарлах зэргээр агаарын бохирдолтой хатуу тэмцэх хэрэгтэйг онцолжээ
. Агаарын бохирдлоороо Тайландын хөрш Вьетнамын Хошимин хот хоёрт, Камбожийн нийслэл Пном Пэн хот тавд бичигджээ. Камбожийн эрх баригчид агаарын бохирдол нь уур амьсгалын өарчлөлт, хог хаягдал шатаах ажил, ой хээрийн түймэр зэргээс үүссэн хэмээн ард иргэддээ эрүүл мэнддээ анхаарч, гадаа удаан байхгүй байхыг зөвлөжээ