Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай” болон “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад намрын ээлжит чуулганы хаалтын өдөр өргөн мэдүүллээ. Ингэснээр дээрх 3 хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байна.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулсан байна. Түүнчлэн, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаажээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зэргийг зохицуулах бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль
Ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болохоор нээлттэй байх, аяндаа бий болсон жагсаалыг мэдэгдэл хүргүүлсэн жагсаалын адил хүлээн зөвшөөрөх, бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллага, тухайн шатны Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр өөрчлөх, жагсаал, цуглааныг сурвалжлах, мэдээлэх эрхэд хязгаарлалт тавихгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан талаар танилцуулав. Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулжээ.