Өнгөрсөн баасан гарагийн орой Словакийн нийслэл Братислава хотын төв талбайд олон мянган иргэд тус улсын ерөнхий сайд Роберт Фицогийн ОХУ-тай ойртох бодлогыг эсэргүүцэн жагссан байна.
Тус жагсаалыг “Украины Энх Тайвны Төлөө” хөдөлгөөн, Словакийн сөрөг хүчнийхэн хамтран зохион байгуулжээ. Зохион байгуулагчдын тооцоогоор энэ удаагийн жагсаалд Братиславагийн Эрх чөлөөний талбайд 60 мянган хүн цугласан байна.
Нийслэл Братислава хотоос гадна Словакийн 20 хотод мөн эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөжээ.
Ерөнхий сайд Р. Фицо сөрөг хүчнийхнийг гадныхантай хамтран өнгөт хувьсгал хийж, төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруутгаж, хууль бусаар засгийн газрыг унагах оролдлогоос сэргийлэх арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгажээ.
Братиславын төв талбайд цугласан иргэд “Фицо хангалттай”, “Бид бол Европ” гэсэн уриа лоозон хашгирч байв. Р. Фицо өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр Москва хотод айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай уулзсан юм.
Энэхүү айлчлал нь Киев ОХУ-ын байгалийн хийг Словак руу нийлүүлэхээ зогсоосонтой холбоотой байсан юм.
Иргэд, сөрөг хүчнийхэн 2023 онд Словакийн Ерөнхий сайдаар 4 дэх удаагаа томилогдсоноос хойш Р. Фицо болон түүний засгийн газар Словакийн ардчиллын үнэ цэнийг сулруулж, гадаад харилцааны бодлого нь Европын холбоо, НАТО-гийн түнш улс орнуудаас зай барьж, ОХУ руу ойртох зарчим руу шилжиж байна хэмээн шүүмжилж байгаа билээ.