Хүн бүр амьдралд өөрийн зорчих замаа сонгодог. Гэхдээ энэ амьдралд төсөөлснөөс өөр гэнэтийн зүйлүүд ч их бий. Иймдээ ч олон янзын өнгөөр солонгорох хүмүүний амьдралд хүсээд, зориод, төлөвлөөд ч санаснаар болохгүй үе ч байдаг.
Сонирхогчдын боксын спортоор хичээллээд л тухайн цаг үедээ Монгол улсдаа авч болох бүх л түрүү шагналыг түүсэн чадварлаг тулаанчийн дараагийн зогсоол мэргэжлийнх байж.
Хэзээ ч цуцашгүй, зогсолтгүй урагшлан тэмүүлэхдээ “мэргэжлийн” тодотголтой холимог тулааны спорт руу хөрвөн хөл тавьжээ. Галтай, цогтой, дайчин тулаанчийн сонгосон зам мөрийн эхлэл цэг дардан байгаагүй ч тэрбээр одоо гуулин улсын тулааны спортын авч болох л бүх л “Аварга” хэмээх цолыг дуудуулж яваа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын хойморт Олон улсын хэмжээний мастер, мэргэжлийн холимог тулаанч М.Нандин-Эрдэнийг урилаа.
Түүний хувьд Сонирхогчдын боксын Азийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн Кикбоксын БНСУ-ын хоёр удаагийн аварга, Кикбоксын Азийн аварга, Жюү жицүгийн NO-GI төрөлд БНСУ-ын аварга, Мэргэжлийн холимог тулааны WBC-ийн аварга гээд дуурсгах алдар гавьяа олоон.
-Сайн байна уу? Юуны өмнө нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье.
-Сайн байна уу? Намайг урьж оролцуулж буйд баярлалаа.
-2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр. Хамгийн сүүлийн тулаанаа хийсэн. Тун амжилттай оролцсон. Энэ тулааныхаа талаар сонирхуулна уу?
-Тэр тэмцээн өрсөлдөгч тамирчин нь олдохгүй гээд нэлээн алдартай тамирчин байсан. Тэгээд тоглох тамирчин байхгүй гэхээр нь би чинь одоо юунаас буцах вэ дээ гээд тулалдсан.
-Тун удахгүй Солонгос руу буцна гэж байгаа. Солонгос улсад холимог тулаанчийн нэгэн өдрийнх нь амьдрал хэрхэн өрнөж байна вэ?
-Солонгост байдаг Монголчуудынхаа адилаар ажлаа хийгээд л, гэр бүлээ тэжээгээд, нөхрийн, аавын хариуцлагаа үүрээд л явдаг. Үүрээр сэрж ажилдаа гарна. Үдээс хойш ч муу ажил тарахаар нь бэлтгэлдээ гардаг. Яг л тийм тэмпээр амьдардаг даа.
-Яг ямар ажил хийдэг вэ? Солонгос гэлтгүй гадны оронд ажиллаж, амьдарч суралцдаг Монголчууд тун завгүй байдаг. Нэг өдрийг зүгээр суух юм бол зардал маш өндөр байдаг?
Солонгост байдаг Монголчуудын л адилаар амьдрахын тулд арбатын ажил хийдэг
-Хүний нутаг болохоор бид нарт оффисын ч юмуу гоё ажил хийх боломж байхгүй. Боломж байсан ч хэл ус гэдэг зүйл дээрээ хязгаарлагддаг. Би чинь нөгөө арбат гээд өдрийн ажил хийдэг. Тэр ажлыг хийхээр амар байдаг. Чөлөөт цагаараа, тэмцээн өөрчлөгдөхөөр ёстой л дураараа амарна, ядарсан үедээ амарчихна. Ажилламаар үедээ ажиллана. Бүгдийг нь хийнэ шүү дээ. Би чадна гээд л яг л Солонгост байгаа Монголчуудтайгаа адилхан.
Би чинь одоо Солонгостоо адилхан л Монголчуудын төлөөлөл шүү дээ. Спортын тамирчин ч бай, биш ч бай ерөөсөө л Монголын хилийг давах л юм бол Монгол улсын нэр нүүр болохоор ажил дээр хамгийн сайн ажилтан байж, спорт дээр ч хамгийн сайн мундаг тамирчин байхыг хичээдэг.
Тэгээд гишгэх гэж буй газраа, гишгэснийхээ дараа үйлдлээ сайн хардаг, үргэлж хянадаг.
Яг үнэнийг хэлэхэд Солонгост байгаа учраас ерөөсөө л байнга ажил шүү дээ.
Чөлөөт цагаараа зодоон хийчихээд байгаа байхгүй юу. /инээв/
Өглөө ажил руугаа 4-5 цагт явдаг. 4 цагаас гэрээсээ гараад ажил руугаа гүйнэ. Тарчихаад гэр рүүгээ гүйж харина. Цаг хайран байдаг. Бэлтгэл хийх цаг байхгүй.
Нэг тулаанд оролцоход 14кг хасна. Өглөө ажилдаа гараад ажлаа тарчих юм бол гэр лүүгээ гүйж харьдаг даа.
Ажлаа тарчихаад гэр рүүгээ гүйж харих нь нэг талаараа бэлтгэл болж өгдөг
Ажил хаана тарна, түүнээс шалтгаалан хаашаа бэлтгэлд явах вэ гэдгээ шийдэж гарна. Солонгост тодорхой хэмжээний нэр хүндтэй, олонд танигдсан болохоор захын клуб рүү ороод л бэлтгэлээ хийчихдэг. Яваад оронгуут л өө Нандин-Эрдэнэ ирж байна гээд клубүүд маш гоё нээлттэй, уриалгахан дуртай хүлээж авдаг.
Тэгэхээр эндээс авхуулаад л Монгол гэдэг нэр гарч ирнэ. Бусадтай гоё мэндлэх ёстой. Бэлтгэл дээр хүмүүсийг зодож чадахгүй нь хэцүү байдаг. Юу юугүй зодоод байхаар хэцүү. /инээв/
М.Нандин-Эрдэнэ: Миний хувьд нийтдээ 24 жил тулалдаж байна
-Солонгостоо буцаж очоод 3 дугаар сарын тулааны өмнө ямар төлөвлөгөө байна вэ?
-Солонгосчууд маань хүсээд байна. Солонгос, Монгол гэлтгүй хүн бүр л клубээ нээгээч гэж байгаа. Өөрийн нэрэмжит клубээ нээхээр төлөвлөсөн байгаа.
Тамирчин хүний нүдээр харахад миний амьдралыг авч явж буй нэг төрлийн бизнес гэхэд болно. Миний мэргэжил шүү дээ.
Энгийн хүмүүс, сонирхогчдодоо хандаж хэлэхэд, бэлтгэл хийхэд бүх стрессийг чинь тайлж өгнө. Ерөөсөө л эр хүний заавал хийх ёстой зүйл гэж боддог. Биеэ хамгаалдаг байх ёстой гэж боддог.
Тийм болохоор найз нөхдөдөө би хэлдэг. Заавал эрэгтэй хүн биеэ хамгаалж чаддаг байх ёстой. Зодолдох ёсгүй ч гэсэн биеэ хамгаалах нь өөрт хэрэгтэй.
Мэргэжлийн спорт хариуцлага, тэвчээр ер нь бүх зүйлсийг өндөр түвшинд шаарддаг
-Өөрийн нэрэмжит клуб байгуулснаар цаашдаа Олон улсад гарах тулаанчдыг бэлтгэх үйлсэд гар бие оролцож холбох гүүр нь болж өгнө гэсэн үг үү?
-Яг тийм. Монгол улсад маш сайн тамирчид байна. Гадаад руу гаръя гэхээр менежер ч юмуу, ямар нэгэн холбож өгөх хүн байдаггүй. Солонгос талынхаа гүүр нь болоод өгье гэж бодож, төлөвлөж байна.
-Мэргэжлийн гэдэг утгаараа холимог тулаан нь хувь хүний өндөр түвшний бэлтгэлжилт, сургуулилтын чанар, мөн сэтгэлзүйг илүү шаарддаг байх?
-Мэргэжлийн спорт бүр эрс өөр. Тулалдахад өндөр ур чадвартайгаас гадна мэргэжлийн гээд яваад ирэхээр арай удаан хугацаа шаарддаг. Тэгээд ерөөсөө хариуцлага юм болов уу.
Хариуцлага, тэвчээр бүх зүйлийг шаарддаг.
Өглөө сэрэхээс авхуулаад л өөрөө өөрийгөө ялан дийлэх, харцнаасаа эхлээд л хүнийг хуурна.
Дээшээ харж байснаа доогуур цохих ч юмуу. Эсвэл доошоо гэдэс рүү нь харж байснаа дээгүүр цохих гэх мэт. Биеэрээ зайлаад хуураад ч юмуу, ингэж хуураад энэ хүнийг цочоохоор, энэ хүн ингэж цохихоор би ингэж бултана, ингэж гаргана гээд л ер нь бүгдийг л бодчихсон байдаг.
Тулаан гэдэг чинь нэг талаараа золиос, нөгөө талаараа заль мэх
Энэ тамирчин надаас айж байна уу, эмээж байна уу, хүчтэй байна уу, хэзээ ядарч сульдахаар байна, сууж байгааг нь бүгдийг мэдэрнэ шүү дээ.
Өөрөө ч гэсэн ядарчих юм бол тэрийгээ мэдэгдэхгүй байх ёстой. Гэдсэндээ цохиулчихаад л өвдөж байгаа хэрнээ май цохь гэх мэтчилэн ер нь бол заль байдаг.
Чингис хааны хэлсэнчлэн түүхэндээ байдаг шиг агуу их заль мэхийн доор цохиулсан ч цохиулаагүй, өвдсөн ч өвдөөгүй мэт л байдаг даа.
-Тулаанаа хойш нь тавиад, арбатын ажлаа хойшлуулаад, гэр бүлээ хойш нь тавьчихъя. Өнөөдөр энэ амьдрал ямар байна?
-Утгагүй байх болов уу. Спорт чинь миний биеийн нэг эрхтэн болчихлоо шүү дээ. Угаасаа миний бүх л цаг үе. 24 жил тулалдаж байна.
Зарим нэг хүний амьдарсан хугацаа, зарим нэг хүний ажилласан карьерээс ч их болчихоод байна. Тэгэхээр спорт бол миний амьдралтай зайлшгүй холбоотой юм болов уу.
М.Нандин-Эрдэнэ: Спорт бол миний биеийн нэг эд эрхтэн болчихсон
-Хамгийн их, бүр эцэст нь тултлаа бүх хүчээ дайчлаад, маш чанга өрсөлдөөнийг гаргаад өрсөлдөгчөө зодчихлоо. Яг тийм ямар тулаан байна вэ?
-Бүх тулаан чанга бас хүнд. Өнгөрсөн жил 1 дүгээр сард Солонгос улсын аваргын төлөө мэргэжлийн боксын хамгийн том тулаанд нь тулалдлаа. 10 раунд зодож байгаад л ялагдчихсан. Тэр бол ёстой хэцүү байсан. Мэргэжлийн бокс чинь рингэн дээр 30 минутын турш зодолдоно. Амралтын минуттайгаа нийлвэл 40 минут. Нөгөө өрсөлдөгчийн маань нүүр маш аймаар болсон байсан. Тэгсэн нөгөө тамирчид 2-1-ээр ялалтыг нь өгчихсөн. Тэр тулаан санаанаас ерөөсөө гардаггүй юм.
-Тулаан бүр л хүнд чанга байгаа. Гэхдээ ойрын дотны ч юмуу хүнтэй тулалдах сэтгэлийг нь өвтгөдөг байх?
-Солонгостоо нэг алдартай гал сөнөөгч гэсэн хэрнээ тулаанч ах бий. Тэр ах хоёр ихэр хүүхэдтэй, жин дээр хоёр хүүхдээ тэвэрч ирээд л, надад нэг хүүхдээ тэврүүлээд зургаа даруулсан. Ингэхдээ face to face хийгээд. Тэр ах маш сайн тоглодог. Тэгээд л зодолдоод, зодолдоод л сүүлд нь тэгээд зодчихсон.
Зодоод л цохиж унагаачихаад л, ахиж цохихгүй би буцаад явчихсан. Тэгээд нөгөө ах чинь уначихаад, суучихаад л байсан. Тэгээд накаут өгсөн. Надад маш хэцүү байсан юм. Өөрөөсөө маш гоё гоё ах нартай тулалдаад, зодож унагаачхаад харамсдаг. Гэхдээ би өрсөлдөгчөө зодохгүй бол өөрөө зодуулчихна шүү дээ.
-Өрсөлдөгчтэйгээ тулааны өмнө нүүр тулахад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Миний инээд л хүрээд байдаг. Би хүн рүү ерөөсөө харцаараа харж чаддаггүй.
-Тиймдээ ч “Smile Killer” хэмээх тулааны хоч нэр авсан байхнээ?
-Өрсөлдөгчөө харахаар л инээд хүрээд байдаг юм. Яагаад заавал нэгэн рүүгээ муухай харах ёстой юм. Ингэж бодоод л спорт юм чинь заавал нэг нэгнийгээ үзэн ядаад байх зүйлгүй л дээ.
-Заримдаа тулааны үеэр ухрах бодол төрдөг үү?
-Өрсөлдөгчөө цохьчихоод л ер нь би яах гэж тулалдав даа гэсэн бодол хааяа төрдөг. Тулалдахгүй байж бас болно шүү дээ.
Надад зодуулсан ч бай, зодсон хүмүүстэйгээ ч сайхан холбоотой явахаар бас гоё шүү дээ.
-Зодох гэснээс өрсөлдөөний тэр рингэн дээр гараад хүн зодож байхдаа яг юу бодогддог вэ?
-Ерөөсөө л ан хийж байгаа мэт байдаг. Рингэн дээр ингээл явж байгаад за хаана нь суларч байна, би яг яаж цочоох вэ, ингээд цочоохоор энэ цохилт нь ирнэ. Энэ цохилтын дараа би гаргаад цохино. Тэгэхээр ингээд зодолдох юм бол ингэнэ гээд л яг л үлгэр шиг л байдаг даа.
Яг тулалдаж байхдаа ямар ч байсан 3-4 нүүдлийн цаадахыг хардаг. Одоо 3 сарын 19-ний өдөр UFC том тулаанд оролцоно. Энэ тулаанаа сайн хийж ялвал тус холбоонд албан ёсоор орно. Энэ миний бас нэгэн мөрөөдөл.
Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн бүтэн үзэх линк: https://fb.watch/xlrg474Ius/