Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болсон. 126 гишүүнтэй энэ удаагийн парламентын ээлжит анхны чуулган буюу 2024 оны намрын чуулган өнгөрөгч долоо хоногт хаалтаа хийх хуваарьтай байсан ч хэлэлцэх асуудлууд олон, Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд байсан тул долоо хоног сунган хуралдаж, өнөөдөр хаалтаа хийж байна.
УИХ 126 гишүүнтэй болсоноор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан шинэ дэгээр хуралдаж буй. Ингэхдээ ард түмнийг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн ёс зүй, дэгийн асуудал олны анхаарлын төвд байлаа.
Хамгийн их олон нийтийн анхаарал, бухимдлыг төрүүлсэн асуудал нь иргэдийн итгэл, сонголтоор төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон гишүүд чуулган, байнгын хорооныхоо хуралд ирэхгүй, суухгүй, тасладаг гишүүдийн асуудал. Энэ намрын чуулганы хугацаанд 126 гишүүнээс хамгийн их таслалттай нь Халтмаагийн Баттулга гишүүн байжээ.
Энэ талаар УИХ-ын Ес зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэхдээ,
“УИХ-ын ирцийг яаж үздэг вэ гэхээр жишээлбэл, өнөөдөр ингээд 2025 оны 01 дүгээр сарын 1-нээс 12 сарын 31-ний хооронд ирцийг аваад, ажлын 5 хоног буюу одоо Хөдөлмөрийн хууль, Иргэний хууль, Иргэний хуулийн 73, Хөдөлмөрийн хуулийн 84 дүгээр заалт дээр байж байгаа энэ тоолох, тэгээд ажлын цаг гэж юу юм? Өдрийн 8 цаг, 7 хоногийн 40 цаг. Үүнээсхэтрүүлж болохгүй эд нар гээд ийм заалтууд байдаг. Үүнийдагуу энэ хугацаандаа бид нар ажлын тасалсан цагийг тоолно гэсэн үг. 07 дугаар сарын 1-нд Анхдугаар чуулган хуралдаж, УИХ–ын гишүүд тангараг өргөсөн цагаас 2024 оны 12 сарын 30 нэгнийг хүртэл одоо УИХ–ын гишүүдийн чуулганы хуралдаандаа суусан цаг, тасалсан цаг, өвчтэй, чөлөөтэй гээд цагуудын мэдээллийг би гаргуулаад авсан. Өнгөрсөн байнгын хорооны хурал дээрээ хэлсэн.
УИХ–ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга гишүүн 83 цагийн таслалттай хариуцлага тооцох хэмжээнд хүрчихсэн.40 цагаас дээшээ бол хариуцлага тооцно. Энэ мэтчилэн хариуцлага тооцох асуудал ярина.
Нөгөө талдаа үүргээ сайн гүйцэтгэж байгаа УИХ–ын гишүүд байна. Чуулганыхаа хуралдаанд таслалтгүй оролцож байгаа. Энэ улсуудаа бас бид нар тодорхой түвшний урамшууллын албан бичгийг илгээдэг байх ёстой.
Олон цагийн таслалтай гишүүнд дүрмээрээ ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Монгол Улсын УИХ–ын гишүүний ёс зүйн дүрэм дээр сануулах, олон нийтээс уучлал гуйх, цалин хасах. Мэдээж хариуцлагын тогтолцоо нь яасан сул мэтээр бодогдож магадгүй. Тэгэхдээ энэ чинь Ёс зүйн дүрмийн хариуцлага гэдэг бол Эрүүгийн хариуцлага хүлээхгүй, Иргэний хариуцлага хүлээлгэхгүй учраас Ёс зүйн хариуцлага гэдэг нь иймэрхүү хэмжээний санкцтай явдаг. Тэгэхдээ хувь хүндээ бол их хүнд тусдаг шүү дээ.”
Тэгвэл чуулганы хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сард 11 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 7 удаа тасалж, 3 удаа эмнэлгийн чөлөө авч, 1 удаа оролцжээ. Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг 2 удаа тасалж, 9 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг ч суугаагүй байна.
Жилд 5-аас дээш удаа чуулганы хуралдааныг шалтгаангүйгээр тасалсан бол Ёсзүйн, дэгийн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх учиртай юм. Уг асуудлыг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх аж.