Жилээс жилд багийн спортын дотоодын лигийн тэмцээнүүд улам илүү чанаржиж буй. Энэ хүрээнд өрсөлдөөний ур чадвар чангарч, баг клубүүд ч багийн бүрэлдэхүүндээ онцгой анхаарч байгаа. Волейболын лигийн 2024-2025 оны улиралд багуудын легионер тоглогчдын туршлага илүүрхэж байгаа юм.
Лигийн хүрэл медалийн төлөө шалгарч үлдээд байгаа “Хэнтий Уурхайчин” багийн легионер тоглогч Оросын тамирчин Ксения Тишинатай бид ярилцлаа. Түний хувьд Орос улсдаа элс болон цасны волейболын шигшээ багийнхаа тамирчин ажээ.
Ксения Тишина: Монголын волейболын лигт хоёр дахь улиралдаа тоглож байна
-Сайн байна уу? Өөрийн тань хувьд элс болон цасны волейболын шилдэг тамирчин гэж сонссон. Монголд байх хугацаанд багийнхан нь Ксюхагүйгээр тэмцээнд оролцож байгаа юу?
-Сайн байна уу? Монгол дахь улирлаа дуусгаад би Оростоо очоод цасны волейболын тэмцээнд оролцоно. Манайд цасны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Намайг байхгүйд манай баг эхний шатандаа ялалт байгуулаад амжсан. Дараагийн шатны тэмцээнд нь би багтайгаа хамт оролцоно.
-Энэ улиралд “Уурхайчин” багт нэгдсэндээ сэтгэгдэл хэр байна вэ?
-“Уурхайчин” багт орсондоо баяртай байна. Бүх зүйл нь таалагдаж байгаа. Энэ багтаа хайртай. Удирдлагууд нь, дасгалжуулагч нь маш сайн, охидууд маань маш халамжтай. Бид хэдийнээ дотно найзууд болсон. Дахин уулзаж, хамтдаа тоглоно гэж найдаж байна.
-Монгол багийнхаа аль байрлалд тоглож байна вэ?
-Би “Уурхайчин” багийнхаа голын хаагчийн байрлалд тоглодог. Энэ ч утгаараа голын хаалтан дээр тоглож, багтаа хаалтын оноо авахад гол үүргийг гүйцэтгэж тоглодог.
-Монголийн лигт хэд дэх улиралдаа тоглож байна вэ?
-Би энд хоёр дахь улиралдаа тоглож байгаа болохоор одоо надад Вероника шиг бүх юм шинэ содон санагдахаа больсон. Өмнө нь “Улаанбаатар Финикс” багт тоглож байсан.
Ксения Тишина: “Уурхайчин” багтаа дотны найз Вероникатайгаа хамтдаа тоглож буйдаа баяртай яваа
-“Уурхайчин” багтаа дотны найзтайгаа хамтдаа тоглож байгаа гэж сонссон?
-Ника миний сайн найз. Мэдээж найз маань өндөр, бас довтолгооны хүч, хамгаалалт сайтай.
-Монголд хоёр удаа ирсэн учраас шинэ легионер тамирчдыг бодвол харьцангуй бүх зүйлд нь дасаж байгаа байх. Өөрт тань хэр сэтгэгдэл үлдээж байна вэ?
-Хоёр өөр улс, хоёр өөр үзэл бодолтой хүмүүс болохоор хэсэг хугацааг бие биедээ дасахад зарцуулдаг. Ерөнхийдөө надад таалагдаж байгаа, маш нөхөрсөг ард түмэн. Хэзээд туслахад бэлэн байдаг. Монгол хоол надад таалагддаг, янз янзын юм идэж үзэх дуртай учраас надад бүгд таалагдсан. Маш их баярлалаа.
-Шигшээ тоглолтууд маш хүчтэй өрнөж байна. Хожигдох эрхгүй хариуцлагатай тоглолтууд учраас дараагийн тоглолтын төлөвлөгөөг сонирхоё?
-Хагас шигшээд ялагдсаны дараа бидэнд багаа нэгтгэж, нөхөрсөг байх хэрэгтэй. Ингэж байж дараагийн тоглолтондоо 100 хувь бүх чадвар боломж бололцоогоо гаргах хэрэгтэй байна.
Ярилцсанд баярлалаа.