Хүүхдийн хөлийн нум ээж аавуудын анхаарлыг татаж, сэтгэл санааг нь чилээдэг асуудлуудын нэг. Гэтэл үүнээс гадна сүүлийн жилүүдэд хүүхдүүд урт, богино хөлтэй байх тохиолдол элбэгшсэн хийгээд үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг УАУ, Остеопат их эмч Б.Саранчимэг онцлон ярилаа.
Бид нар нум, нум гээд нум л яалт ч үгүй ил харагдаж, оношлогдож байгаа зүйл учраас маш их анхаарч ярьж байна. Гэтэл яг үүнтэй ижил дийлэнх хүүхдийн хөлийн хөгжилд ажиглагдаж буй асуудал бол урт, богино хөл юм. Ирж үзүүлж эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 30-40 хувь нь урт богино хөлтэй байгаа юм. Хүүхдийг бага сартай байхад нь сайтар ажиглаж оношлох боломжтой.
ХҮҮХДИЙН ХӨЛ УРТ,БОГИНО БОЛОХОД ГУРВАН ШАЛТГААН БИЙ
-Үүний гол шалтгаан нь юу вэ? Яагаад ийм олон хүүхэд урт богино хөлтэй байгаад байна вэ?
–Эхний шалтгаан бол агаарын бохирдол гэж ярихаар хүмүүс бүр залхдаг болчихлоо. Гэхдээ үүнд нөгөө л агаарын бохирдол нөлөөлж байгаа юм. Хөл урт богино болох нь мэдрэлийн системээс хамаардаг. Гэтэл агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүд үргэлж тонустай явж байна. Тонус бол агаарын бохирдол хийгээд стресстэй орчинд ачаалал ихтэй ажиллах зэргээс хамаарч үүсэж буй умайн булчингийн чангарал. Умайн булчин чангаралтай байснаар урагт үргэлж даралт, шахалт өгч байна гэсэн үг. Үүнээс үүдэж ургийн мэдрэлийн системд шахалт өгч хэсэг газрын мэдрэлийн системийн зангилаа үүсэж хүүхдийн хөл урт богино болох тохиолдол байдаг. Тонусаас болсон эсэхийг дөнгөж төрсний дараа оношлох боломжтой.
Хоёр дахь шалтгаан нь хүүхдийн толгойг хавтгай болгох буюу гавал ясанд нь өөрчлөлт оруулах. Энэ үед мөн л хүүхдийн тархинд даралт өгч хэсэг газрын мэдрэлийн зангилаа үүсэж байдаг. Хүүхдийн хөл урт, богино байгаагаас үүдэн бүтэн биеийн тэгш хэм, нүүрний тэгш хэм алдагддаг. Хүний хамар, нүд, ам зэрэг далийсан тэгш хэмгүй байх нь урт, богино хөлтэйгөөс шалтгаалж богино хөл дээр бүх ачаалал ирж буруу гишгэлт, булчингийн чангарал үүссэнээс болдог талтай.
Гурав дахь шалтгаан нь тархины доргилт юм. Хүүхдийн тархийг доргиож урт хугацаанд эмчлэлгүй явснаар хүүхдийн хөл урт, богино болдог. Тархины доргилт гэдэг нь мөн л гавал ясан дотор байгаа тархины даралтын өөрчлөлт юм. Үүнийг уламжлалт анагаах ухааны эмч оношилж эмчлэх боломжтой. Гэтэл аав ээж нар маань хүүхдээ унагаагаад юу юугүй бариач дээр аваад очдог. Анагаах ухааны мэдэгдэхүүн огт байхгүй, адаглаад хүний биеийн анатомийг мэдэхгүй бариач яаж хүүхдийг тань эмчлэх юм бэ. Үүнийг уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нар оношилж, эмчилж чадна. Тиймээс хүүхдийн тархи доргисон үед мэргэжлийн эмч нарт хандаж байгаарай гэж захимаар байна. Тархины доргилт тоохгүй орхиж болох зүйл биш урт хугацаандаа хүүхдийн бие, зүс царайнд сөрөг нөлөө үзүүлдэг юм шүү.