Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй дээд лигийн тэмцээн Степпе аренад үргэлжилж байна. Дээд лигийн медалийн төлөөх тоглолтууд 1 дүгээр сарын 21-ний өдөр буюу мягмар гарагт хүрэл медалийн өрсөлдөнөөр эхэллээ.
Лигийн хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдээс “Хэнтий Уурхайчин”-“Хөвсгөл Эрчим” багууд өрсөлдөж байна.
Харин эрэгтэйчүүдээс хүрлийн төлөө “Натур Бакс”-“SG Hawks” багууд өрсөлдөж байгаа юм. “Хэнтий Уурхайчин”, “SG Hawks” нар цувралын эхний хожлоо авлаа.
Тэгвэл алтан медалийн төлөө эмэгтэй “Улаанбаатар Финикс”-“Ховд Ижил Алтай торгууд”, эрэгтэй “Хасу Мегастарс”-“Төв Миг” багууд шалгараад байгаа билээ.
Эрэгтэй алтан медалийн төлөө өрсөлдөж буй хоёр багийг тодотговол:
“Хасу Мегастарс” дээд лигийн тэмцээнээс 2019 он алт, 2021 он мөнгө, 2024 он хүрэл медалийг тус тус зүүж байсан. Харин “Төв Миг” бгийнхан лигийн талбайд анх удаагаа өрсөлдөж буй билээ.
Финалын төлөөх тоглолтууд 1 дүгээр сарын 21-нээс 31-ний өдрүүдэд үргэлжилнэ. Хүрэл медалийн төлөөх эхний цувралын үеэр бид хоёр багийн төлөөлөлт тамирчидтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
“SG Hawks” багийн ахлагч Б.Батсуурь: Эхний тоглолтонд 3-5 дахь үеийн тоглолтонд бид сэргээд хожлыг авч чадлаа
-Хожигдох эрхгүй маш чухал тоглолтууд эхэлж байна. Өрсөлдөөн чангарч байна даа?
-Манай баг эхний хоёр парт хожигдоод 3, 4, 5 дахь парт сэлгээний тамирчдаа талбайд манай дасгалжуулагч гаргаж хожил байгууллаа.
Хүрэл медалийн эхний тоглолтондоо хожсонд баяртай байна.
-Тоглолтын эхний үед танай багийн зарим нэг тамирчны сэтгэлзүй тогтвортгүй байвуу?
-Сэтгэлзүйн хувьд зүгээр л байсан.
-Б.Батсуурийн хувьд тоглолтын талбай дээр ямар пүүзийг түлхүү өмсдөг вэ? Хөлд эвтэйхэн үү, ер нь ямар брэндийн, ямар загварыг сонгодог вэ?
Хамтарч ажилладаг байгууллага байгаа. Тэгээд тэрнийхээ пүүзийг өмсдөг, Асикс, мезуно.
-Энэ жилийн лигийн тухайд юу хэлэх вэ?
Ёстой гоё болж байна. Гоё байнаа, гоё л болж байна.
-Лиг өндөрлөсний дараа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Төлөвлөгөө байгаа.
“Натур Бакс” багийн ахлагч Э.Энх-Амгалан: Волейболын үсрэлтийн техникүүд агаар дээр ихэвчлэн тулгуургүй орчинд хийгддэг
-Ямар брэндийн пүүз өмсдөг вэ? Хөлдд эвтэйхэн байдгийг нь сонгодог уу?
-Би ер нь хөнгөн, эвтэйхэнийг нь сонгодог. Ер нь мизуногийн пүүз өмсдөг.
-Магадгүй волейболын спортоос өөр спортоор хичээллэх ч юмуу, эсвэл өөр чиглэлээр ажиллах байсан бол юу гэж боддог вэ? Мэргэжлийнх нь хувьд сонирхоё.
-Би банк, санхүүч мэргэжилтэй. Төрийн банканд ажилладаг.
-Хамгийн өндөр үсрэлтийн хэмжээгээ мэддэг үү? Хэмжиж үзсэн үү?
-Яг хэмжиж байгаагүй, манай Монголд хэмждэг төхөөрөмж байхгүй.
-Ер нь зарим тамирчид өөрсдийнхөө үсрэлтийн хэмжээг мэддэг. 2 метр тэдтэй гэх мэтээр?
-Би 3метр 30 хавьцаа л үсэрдэг байх.
-Сая цувралын эхний тоглолт тун ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байлаа?
-Саяны цуврал 5 гарсан. Маш чухал тоглолт боллоо. Манай багийн хувьд эхний хоёр сет аваад, дарааллаад гурван сет ялагдлаа. Өөрсдөө хувийн алдаа маш их гаргасны улмаас айлд сэрэх боломж олгочихлоо гэж бодож байна.
Бэлтгэлээ сайн хийгээд л яг л тоглодгоороо өөрсдийнхөө чадах зүйлүүдийг сайн хийгээд дараагийн тоглолтдоо үзнэ.
-Багийнхаа бүрэлдэхүүний тухайд?
-Манай баг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээсээ бараг 50-60 хувь өөрчлөгдсөн. Ихэнх нь залуу тамирчид бий. Залуу шинэ баг энэ улиралд орж ирж хүч үзсэн. Багийн бүрэлдэхүүний хувьд хараахан нэг баг болж амжаагүй байгаа. Энд тэндээс цуглаад хэдхэн сар бэлтгэл хийгээд орж ирсэн болохоор бас, баг болоод анхны тэмцээн болохоор бас жаахан ойлголцол жаахан тааруу байгаа байхаа.
-Волейболын спортыг хөгжөөн дэмжигчиддээ хандан юу хэлэх вэ?
-Волейболын спортыг сонирхож, хичээллэж эхэлж буй хүмүүст битгий шантраарай, энэ бол үнэхээр гоё спорт. Монголын хамгийн бараг топ түвшинд хөгжиж байгаа спорт байхаа. Жил ирэх тусам улам үзэгчид нэмэгдэж, зохион байгуулалт сайжирч, түвшин ахиж явж байгаа.
“Хөвсгөл Эрчим” багийн довтлогч Г.Хонгорзул: Лигийн медаль үнэ цэнтэй учраас бид дараагийн тоглолтондоо илүү их хичээнэ
Хожигдчихлоо багаараа. Аваргын төлөө гарч ирнэ гэж зорьж байсан. Тэгээд зорилго маань биелээгүй. Одоо хүрлийн төлөө гарч ирнэ гэж бодоогүй байсан учраас жаахан чамлалттай л байгаа. Гэхдээ мэдээж лигийн медаль гэдэг бол үнэ цэнтэй учраас илүү их хичээнэ.
Гэхдээ саяны тоглолтыг арай эрт жаахан тайвшраад зогсчихлоо гэж харж байна. Дараагийн тоглолтондоо илүү их хичээж, багаар нягт байя л гэж бодож байна даа. Маш чухал. Бид нар хожигдох эрх байхгүй. Бид нар лигийн хоёр удаагийн аварга, тэгээд аваргаа хамгаалж чадаагүй ч гэсэн ядаж медальтай өндөрлүүлэх хэрэгтэй. Тийм учраас илүү их нягт хичээж тоглоно. Манайхаас зарим нэг тоглогч гараад, зарим легионер солигдсон. Шинэ өөр легионер авсан. Миний бодлоор бол манай багийн хувьд жаахан удаан байна л гэж бодож байна. Бүрэлдэхүүн солигдсон ч гэсэн тэгэж харж байгаа.
“Хэнтий Уурхайчин” багийн тамирчин Б.Нинжболор: Бид хаалтан дээрээ илүү нягт тоглоё гэж төлөвлөж байна
Мэдээж маш чухал тоглолт байлаа. Сэтгэгдэл маш өндөр байлаа. Ер нь манай баг тэмцээн эхлэхэд л ярьж байсан. Хаалтын хувьд манай баг илүү байгаа. Хаалтан дээрээ илүү нягтарч тоглоё гэж төлөвлөж байна.
Анх би 2019 онд лигт оролцож байхад, багууд ийм олон легионер тоглогчид авчирдаггүй байсан. Мэдээж жил ирэх тусам багуудын чанар сайжирч байгаа. Мөн легионерүүдийнх нь чансаа сайжирч байна. Энэ хэрээрээ тэмцээн илүү гоё сонирхолтой, маш гоё болж байна.
Тоглолтыг хараад багш, дасгалжуулагч юу гэж хэлж байна, бид нар яг тэрийг нь баримтлаад за ингэе окэй гээд л үргэлжлүүлээд явахад бол илүү ойлголцоход дөхөм байгаа. Яагаад гэвэл бид нар нэг багшийн шавь нар. Багшийг юу гэж хэлнэ яг тэрүүгээр нь хийгээд байхад л ерөнхийдөө оноо бол үргэлжлээд байна.
Өмнө нь манай голын хаагч Ксюха “Улаанбаатар Финикс” багт ирж байсан. Тэгээд энэ жил манайх яриад энэ тамирчныгаа авахаар болсон. Ксюха маань мэдээж голын хаалтан дээр тоглож, хаалтын оноо авахад маш гол үүрэг гүйцэтгэдэг.
Ника болохоор манай Ксюхагийн найз нь байгаа. Мэдээж өндөр, бас довтолгооны хүч, хамгаалалт сайтай.
Ярилцсанд баярлалаа.