Дэлхий дахинд өрнөсөн “ногоон” эрчим хүчний шилжилтээр ураны зах зээл эргэн сэргэх чиг хандлагатай байгаа энэ үед Монголд ураны ашигт малтмалын үйлдвэрлэл эхлэх нь тодорхой болсон. 25 жил хайгуул хийж, эдүгээ олборлох шатанд шилжих гэж байгаа ураны “Зөөвч-Овоо” төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдлаа.
УРАНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ОГЦОМ ӨСӨЖ, БУСАД АШИГТ МАЛТМАЛЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ
“Зөөвч-Овоо” орд нь ирэх 30 жилийн хугацаанд жил бүр 2750 тонн уран үйлдвэрлэж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөрвөн хувийг бүрдүүлэхээр байна.
“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Майнинг:
“Дэлхийн ураны эрэлт хэрэгцээг авч үзвэл 2030 он гэхэд нийлүүлэлтийн хомсдол үүсэх төлөвтэй. Харин ураны эрэлт нь 2040 он гэхэд 30 хувиар өсөх төлөвтэй байна. Зах зээл дээр эрэлт нэмэгдэх үед Зөөвч-Овоо ордын олборлолтыг эхлүүлж байна.
Дэлхийн ураны зах зээл дээр борлуулагддаг стандарт бүтээгдэхүүн бол ураны исэл бөгөөд та бидний сайн мэддэг шар нунтаг (yellow cake) юм. Одоо шар нунтгийг өндөр хэмд шатааж хар өнгөтэй нунтаг гарган авдаг болсон. Энэ нь 85 хувь хүртэлх буюу илүү өндөр агуулгатай бүтээгдэхүүн юм. Казахстан дахь “Орано” группын “Катко” төсөл эхний 10 жилдээ шар нунтаг гаргаж байсан.”
Монгол Улсын хувьд ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй тул дэлхийн сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд чухал тоглогч болох бүрэн боломжтой болсон. Одоогийн байдлаар дэлхийн ураны нийлүүлэлтийн сүлжээнд Казахстан болон Канад улс тэргүүлж байгаа юм.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЖИЛД 75 МЯНГАН ТОНН УРАН ХЭРЭГЛЭДЭГ
Дэлхийн зах зээл дээр уран 73 ам.долларын үнээр өнгөрсөн жилийг өндөрлөсөн. 2024 оны хоёрдугаар сард шар нунтгийн үнэ сүүлийн 17 жилийн дээд цэгтээ хүрч, эргээд буурсан юм. Харин 2025 онд ураны үнэ 110 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг олон улсын шинжээчид дэвшүүлжээ.
Дэлхий дахин 2050 он гэхэд нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх зорилтод хүрэхийн тулд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатайг Олон Улсын эрчим хүчний агентлаг тооцоолсон.
Одоогоор дэлхийн хэмжээнд ураны хэрэглээ жилд 75 мянган тонн байна. Хэрэв энэ чиг хандлага хэвээр байвал 2050 он гэхэд жилд 130-140 мянган тоннд хүрэх юм.
Өнгөрсөн жил Meta, Google, Microsoft, Oracle зэрэг технологийн компаниуд өөрсдийн дата төвийн эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээр болсноо зарласны дараа олон улсад ураны олборлолт нэмэгдсэн болохыг дэлхийн хэвлэлүүд мэдээлж буй.
Цөмийн түлшний процесс нь уурхайгаас уран олборлох, хувиргах, изотолын баяжуулалт хийх, түлш үйлдвэрлэх, реакторд цөмийн гинжин урвал явуулж эрчим хүч үйлдвэрлэх, ашигласан түлшийг дахин боловсруулах, хаягдлын менежмент хийх гэсэн дарааллаар явагддаг. Шар нунтагаас цааших дамжлагыг АНУ, ОХУ БНХАУ, БНФУ, Япон зэрэг өндөр технологитой цөөн улсууд л гүйцэтгэдэг.