Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Баавар буюу Ш.Батбаяр хөдөө нутгийг зорьж, шуугиан тарьж байв. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдарч буй тэдний гэр бүл “Баавартай хөдөө” жижиг, дунд үйлдвэр эрхэлж, цагаан идээгээр бүтээгдэхүүн гарган, зах зээлд нийлүүлж байна. Ийнхүү Монголын хип хоп холбооны тэргүүн бизнесмен болов. Тэрбээр дэлгүүр болон хувь хүмүүс хамтарч ажиллаж болно гэдгийг цахим хуудсаараа илэрхийлжээ.
Бид түүний гэргий Б.Золжаргалтай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Танайх хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
- Шимийн архи
- Чацарганын өтгөрүүлсэн шүүс
- Ааруул
- Бууз
- Банш
- Сэмжтэй, элэг
- Царцаамаг
- Гүзээ
- Гургалдай борлуулж байна.
Янз бүрийн л үнэтэй. Шар тостой шимийн архи жишээ нь литрийн савлагаатай. Үнэ нь 10 мянган төгрөг.
-Хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн нь аль вэ?
-Бууз, банш хамгийн их борлуулагддаг. Одоогоор бид 1500 кг буузны захиалгатай байна.
-Бүтээгдэхүүнээ одоо хаагуур, хаагуур борлуулж байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумандаа борлуулж байгаа. Мөн Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймагт захиалгын дагуу борлуулдаг. Бид Улаанбаатар болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад өөрсдийн нэрийн дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатарын хэрэглэгч, захиалагчдадаа ойртохын тулд хүргэлтийн компаниудтай хамтарч ажиллана.
-Суманд ажил хийх хүсэлтэй хүмүүс хэр олон байна. Танайх хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Ажиллах хүсэлтэй хүмүүс байна. Хүсэлгүй ч хүмүүс байна. Одоогоор манайх байнгаар ажилладаг 11 хүнтэй. Харин цагийн ажилтнаар 17 хүн байна. Гурван хүн нь Нийгмийн даатгалаа төлүүлээд явдаг.
Мөн манайх хөдөөд үнэгүйдэж, хог дээр хаягдах болсон нэхийг худалдан авч, “Дархан нэхий” ХК-д нийлүүлж байгаа.