“Надад цэргийн зарлан ирдэггүй юм.Тэгэхээр нь ч би цэрэг татлагад очдоггүй” гэж ярих 20 гаран насны залуустай би лав бишгүй олон таарч байсан. Гэтэл цэргийн зарлан ирдэггүй учир нь ердөө л цэргийн бүртгэлдээ хамрагдаагүйгээс болдог байна.
Төрийн бүхий л үйлчилгээг хүндрэл чирэгдэл болж авдаг бид хороо, дүүрэг орно гэхээр л үстэй толгой арзайж “үгүй ерөөсөө больё” гэж шийддэг. Залуус ч цэргийн бүртгэл, цэрэг татлагын талаар мэдээлэл маруухантайгаас 26 хүрсэн хойноо бөөн өр төлбөрт орж “мэдээгүй, зарлан ирээгүй тиймээс төлөхгүй” гэснээр шүүх, прокурорын хаалга татахад хүрдэг байна.
Гэтэл цэргийн бүртгэл маш хялбар явагддаг төдийгүй E Mongolia аппликейшнаар ч бүртгүүлэх боломжтой талаар Баянзүрх дүүргийн 2-р хорооны зохион байгуулагч Б.Эрдэнэцэрэн хэлж байна. Түүнээс гадна цэргийн алба хаахгүй ч жил бүр цэрэг татлагадаа хамрагдаж цэргийн үүрэгтний үнэмлэх дээрээ штамб даруулснаар мөнгөн төлбөрийн хэмжээ буурдаг талаар ярилаа.
Цэргийн бүртгэл гэдэг нь Монгол улс цэргийн насны эрчүүдийнхээ тоог авч байна гэсэн үг юм. Цэргийн бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ. Гэтэл манай хорооны цэргийн бүртгэл 66 хувьтай явагдаж байна. Сүүлийн жилүүдэд иргэд маань E Mongolia аппликейшнээр бүртгүүлдэг болсон гэвч бүртгэл дорвитой нэмэгдэхгүй л байна. Цэргийн бүртгэлд хамрагдах залуусын боддог шиг хүндрэл чирэгдэлтэй зүйл биш. Тухайн иргэн өөрийнхөө цэргийн үүрэгтний үнэмлэх болон бичиг баримттайгаа харьяа дүүрэг, баг, хороон дээрээ очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Монгол улсын иргэн л бол 18-26 насны хооронд цэргийн албаа хаах үүрэгтэй. Хэрэвзээ энэ үүргийг биелүүлэх боломжгүй байх юм бол оюутан цэрэг, мөнгөн төлбөр, дүйцүүлэх гэх мэт олон хэлбэрээр хаах боломжтой. 2025 оны 1-р сарын байдлаар 1999 онд төрсөн хүн цэрэг татлагад огт очиж байгаагүй бол 14 сая төгрөгийн төлбөр төлнө гэж тогтоосон байна.
Энэ 14 сая төгрөгийг угтаа яаж барагдуулах байсан бэ гэхээр 18 наснаас 26 нас хүртэл цэргийн комиссоор дор хаяж жилд нэг удаа орж штамб даруулснаар цэрэгт явалгүй хаах боломжтой байсан. Тэгэхээр иргэд цэрэг татлагад жилд нэг удаа оролцоход мөнгөн төлбөрөөсөө 1.5 саяас 2 сая төгрөгийг барагдуулж байгаатай дүйдэг гэсэн үг юм. Янз бүрийн асуудлуудаас болоод хүмүүс цэрэгт хүүхдээ явуулахгүй байх хандлагатай болсон. Гэвч цаана нь тэр хүүхэд 26 нас хүрэхэд улс тогтоосон мөнгөн төлбөрөө барагдуулахыг шаарддаг. Тэгэхээр залуустаа хандаж “цэргийн алба хаах сонирхолгүй байж болно. Харин цэргийн бүртгэлд бүртгүүлж цэрэг татлагатаа хамрагдаж байх нь өөрт чинь тустай юм шүү” гэдгийг хэлмээр байна.