Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Тэрбээр “Эрхэм хүндэт монголчууд, олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээг ийнхүү үзэглэлээ. Энэ гэрээ бол Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээр түүхэн ач холбогдолтой. Монголын “за” бол андгай гэдэг. Парламентаар хэлцэл хийх амар биш ч нэгэнт хийгдсэн бол тогтвортой гэсэн агуулга юм. Засгийн газар, УИХ-аар батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хөлбөрөлтгүй дагаж мөрдөх болно. Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй та бүхэнд талархал илэрхийлье. Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна, баяр хүргэе.
Энэхүү гэрээ зурагдахад онцгой хувь нэмрээ оруулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ыгн эрхэм гишүүд, парламентад суудалтай намууд, Засгийн газрын ажлын хэсгийн хамт олон, салбарын эрдэмтдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
“Алсын хараа-2050” бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд бид тогтолцооны шинэчлэл хийсэн. Сонгуулийн холимог тогтолцоо руу шилжсэн. Хамтарсан Засгийн газар байгуулж, 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан. Ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг энэхүү төсөл цоо шинээр ойлгуулах юм.
Төслийн хүрээнд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхам. Байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулж байна. Төсөл Монголд 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчирна. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлнэ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдана.
Ноогдол ашиг хүлээлгүйгээр, төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш иргэдийн дансанд шууд ашиг хуримтлагдаж эхлэх онцлогтой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэ удаа онцлог эрх зүйн орчин бүрдсэн. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.