Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын өвөөрөө бахархаж ирсэн. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо хүндэтгэх, өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм. Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнай болсон Үндэсний бичиг үсгийн соёл бол бидний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос болохыг эрдэмтэн, судлаачид онцлсоор ирсэн.
Хэдийгээр Үндэсний бичгийг үнэ цэнээр тооцон ярих нь их ч хэрэглээндээ нэвтрүүлэх гэж хэд хэдэн ч удаа оролдлого хийж байсан удаатай. Төрийн тэргүүнээсээ эхлээд уриалга гарган, хичээл зааж, боловсролын тогтолцоондоо ч заавал үзэх хичээл болгон оруулсан ч хүүхэд залуус, сонирхох, хэрэглэх хандлага бага байна.
Монгол хэлний тухай хуульд “…төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ Үндэсний бичиг, кириллээр хослон хөтлөнө” хэмээн хуульчилсан нь 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Манай улсын ЕБС-иуд сурагчдад дунд ангиас нь эхлэн Үндэсний бичгийн хичээл орж эхэлдэг. Гэсэн хэдий ч монголчуудын дунд Үндэсний бичгийн мэдлэг төдийлөн сайн биш байгаа нь өдөр тутмын хэрэглээнд ашигладаггүйтэй холбоотой аж.
Монгол бичгийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд уран бүтээлчид, хувь хүмүүс өөр өөрийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд тэдний нэг төлөөлөл бол “Бичиг соёл” урлан юм.
Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн сургалт авах хэрэгцээ ихэсжээ
“Бичиг Соёл” төвийн тэргүүн Э.Анхбаяр
2025 оноос эхлэн “Хос бичигтэн” хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албан хаагчид албан байгууллагаараа үндэсний бичгийн сургалт, зөвлөгөө авах нь ихэссэн. Гэвч хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь эхлэн мэдлэг олгохгүй бол төрийн албан хаагч болсон хойноо сурвал ахиц гаргах тохиолдол ховор.
Үндэсний бичгийн хэрэглээг улам нэмэгдүүлэх шаардлагатай
Монголчууд үндэсний бичгээ ашиглах нь нэн тэргүүний зүйл. Гэвч бидний мэдлэг тааруу байгаа нь хэрэглээтэй шууд холбоотой. Хэдий ашиглахыг хүссэн ч хэрэглэх шаардлага дутмаг байгаа учраас хүүхдүүдийн сонирхол энэ зүг рүү чиглэхгүй байна. Тиймээс “Бичиг Соёл” төв хүүхдүүдийг Монгол бичгийн мэдлэг, сонирхолтой болгохын тулд уран бичлэгээр дамжуулан мэдлэг түгээдэг.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Үндэсний бичгээ сурах хүсэлтэй хүний тоо нэмэгдэж буй бөгөөд зөвхөн цагаан толгой, хэрхэн унших, бичих тухайгаар хязгаарлагдахгүй уран бичлэг, зурах дүрслэл, цаашлаад агуулга илэрхийлэмжийг ойлгох, бичих хүсэлтэй иргэд хандаж буй аж.