“Hercules_g” инстрагмм хуудсаараа эмээтэйгээ хамт бичлэг хийдэг Г.Төвшинзулыг энэ удаа онцолж байна. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
-Эмээтэйгээ ойр өссөн үү. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би чинь айлын бага. Нэг эгч, нэг ахтай. Манайх Дархан-Уул аймгийн айл. Амралтын өдрөөр л эмээ дээрээ очдог хүү байсан. Эмээтэйгээ яг амьдарч эхлээд сар болж байна. Манай эмээг Ц.Батнасан гэдэг. Цэргийн эмнэлэгт эмийн санчаар ажилладаг байсан.
-Та хоёрын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
–Хоёр тэтгэврийн хүн яаж амьдардаг билээ дээ. Түүнтэй төстэй гэх юм уу. Өглөө босож хамтдаа хооллож, бичлэгээ хийгээд л…
–Анх эмээдээ бичлэг хийж байгаа гэж хэлэхгүйгээр хийж эхэлсэн үү?
-Тэгсэн. Эмээ маань жаахан ичимхий бүсгүй л дээ. Анхныхаа бичлэгийг утсаа нааш нь харуулж байгаад бичиж байсан. Харин саяхнаас эмээ рүү хүмүүс залгаад, бичлэгийг чинь үзсэн гээд сүйд.
-Арван жилийн найзууд, оюутны ангийн найзууд залгаад уу?
-Тийм. Хамаатан саднууд ч залгаж хэлээд л…Эмээ маань энэ хүмүүс яг юу яриад байна. Чи намайг хаагуур юу болгоод байна гэж асуусан. Тэгээд бичлэгт орохгүй гээд бөөн юм болж байгаа юм чинь. Би ч араас нь гүйсээр байгаад нэг юм ятгаж чадсан.
-Г.Төвшинзул найз охинтой юу?
-Миний найз охин чинь эмээ маань шүү дээ.
-Эмээгээ бүсгүй, бүсгүй гэж хэд, хэдэн удаа тодотгож ярьж байна. Гэртээ ингэж дууддаг уу?
-Дуудна аа. Бүсгүй минь хоолоо хийхгүй юм уу. Хоолоо хийж идье л дээ, хоёулаа гээд л…
-Эмээ тань нэг бичлэг дээр “Нусгай минь” гэж дуудаж байсан. Ингэж өхөөрдөн дууддаг уу?
-Тэр үед уурлаад л тэгээд хэлчихсэн байх. Түүнээс биш байнга ч тэгж дуудахгүй л дээ.
-Та хоёрын нэг бичлэгийг үзээд, өвөөгийнхөө толгойг угааж, хумсыг нь авч өгдөг байсан үе санаанд орсон. Эмээгээ усанд оруулж өгч, хумсыг нь авч өгч байна уу?
-Хумсыг нь бол авч өгч үзээгүй. Усанд оруулж, нурууг нь угааж өгдөг.
Аав, ээжтэйгээ амьдарч байгаад эмээтэйгээ амьдрангуут анх төвөгтэй санагдаж байсан. Хаана, юу хийж байгааг асууна. Ирэхгүй юм уу гэнэ. Эхэндээ жаахан ядаргаатай санагддаг байснаа нуухгүй ээ. Одоо бол яг эмээ шиг хүн болж байна. Гэрээс хүн гараад явуут ирэх болоогүй юм байх даа гэж бодож байгаа юм чинь.
Эмээтэйгээ хамт амьдарч байгаагаа би зүгээр нэг тохиолдол гэж боддоггүй. Асар их зүйлийг ойлгож, амьдралын шинэ дадлууд надад бий болж байгааг мэдэрч байна. Надаас огт гарч байгаагүй үйлдлүүд гараад л… Эмээ надад хүнийг яаж хайрлах ёстойг зааж өгөөд байгаа юм шиг санагддаг. Хүнийг хүнээр нь хайрлахыг, юмсыг байгаагаар нь хүлээж авахыг зааж өгөөд байгаа санагддаг.
Намайг ойлгож, ярилцаж, яг найзууд шиг өдөр бүр тусалж, зөв зам руу чиглүүлж байгааг нь мэдэрдэг. Эмээдээ баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.