Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-ийн дагуу 2024.11.20-ноос өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авч ажиллаж байгааг мэдээллээ.
“Монада” буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь бөхчүүдээс авсан сорьц буюу ихэвчлэн шээсний сорьцыг ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж байгаа талаар МҮБХ-ноос ч мэдээлээд байгаа юм.
Тэгвэл бөхчүүдээс авсан цусны шинжилгээний сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээж байгааг МҮДЭБ-аас мэдээлээд байна.
Энэ талаар МҮДЭБ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга С.Зүчитэй цөөн хором ярилцлаа.
Допинг илэрсэн гэх гурван бөх “В” сорьцын хариугаа шинжлүүлэх хүсэлтээ өгөөгүй. Мөн тайлбар ирүүлээгүй байна
-Сайн байна уу? Хэзээнээс бөхчүүдээс барилдааны бус үед допингийн шинжилгээ авч эхэлсэн бэ?
-2024 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр бөхчүүдээс допингийн шинжилгээ шээсээр болон цусаар авч байгаа. Ингэхдээ бөхчүүдийн гал дээр болон бэлтгэл хийж буй клуб дээр зорин очиж шинжилгээ авах үйл явц явагдаж байгаа.
-Аль улсын итгэмжлэгдсэн лабораторитай хамтран ажиллаж байгаа вэ?
– ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институт мөн өмнө нь хамтран ажиллаж байсан БНСУ-ын допингийн лабораторитой ажиллаж байна. ХБНГУ-ын лаборатори руу ихэвчлэн шээсний сорьцоо илгээж байгаа бөгөөд энэ газраас яг цагтаа сорьцын хариугаа манай улс руу илгээж байна. Харин цусны шинжилгээний хариу нь авсан дарааллын дагуу БНСУ-ын талаас цувран ирж байна.
-Сар бүр шинжилгээ аваад ирсэн хариуг МҮБХ-нд мэдэгдэл хүргүүлж байгаа юу? Хэрвээ допинг илэрсэн тохиолдолд хэн гэдэг бөхөөс илэрснийг хэрхэн яаж арга хэмжээ авч ажиллаж байна?
-Сар бүр шинжилгээ авч хэрвээ сорьцын хариу асуудалтай гарвал МҮБХ-нд мэдэгдэл илгээн, допинг илэрсэн бөхчүүдийг тайлбар өгөн, В сорьцоо шинжлүүлэх хүсэлтэй бол эргээд мэдэгдэх шаардлагатай эргэх холбоотой ажиллаж байна.
2024 онд допингийн эсрэг үйл ажиллагаанд 870 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг
-Допингийн шинжилгээ авсан 33 бөхийн хариу бүгд баталгаажиж ирсэн үү?
-33 бөхөөс одоо 5 бөхийн хариу нь ирээгүй байна. 7 хоногт 2, 3 гээд л хариу нь шинжилгээ авсан дарааллын дагуу цуварч ирж байгаа. Цаашдаа ингээд сар бүр бөхчүүдээс барилдааны бусад үед допингийн шинжилгээ аваад явна.
-Өнөөдрийн байдлаар 3 бөхөөс допинг илэрсэн хэмээн хэвлэл мэдээллээр мэдээ нэр устай нь цацагдаад байна. Энэ бодитой үнэн үү?
-Допингийн шинжилгээний хариу ирэхэд допинг илэрсэн хэмээн 3 бөхийн нэрийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байна. Зураг хөрөг, нэр ус ч зөрүүтэй байналээ. Допингийн шинжилгээний хариу эцэслэн батлагдаж гараагүй байхад ёсзүйн хувьд үнэхээр буруу гэж би шуудхан хэлье. Хэрвээ допинг илэрсэн гэсэн хариугаа тухайн бөх зөвшөөрвөл “Допингийн эсрэг дүрэм”-ийн 14.9.9-д заасанчлан “Монада” буюу МҮДЭБ-аас шууд эцсийн хариуг мэдээлж болдог. Тодотгоод хэлэхэд тухайн бөхчүүд “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “В” сорьцоо дахин шинжлүүлэх хүсэлтээ өгч тайлбар өгөх эрх нь бүрэн бий.
2025 оны нэг болон дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас нь допингийн шинжилгээ авна
-Допингийн эсрэг үйл ажиллагаанд энэ жил хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ?
-Манай байгууллага төсвөөс жил бүр батлагдсан төсвийг зарцуулан ажилладаг.
- Допинийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Лабораторит тамирчдаас авсан шинжилгээг илгээж шинжлүүлэх үйл явц энэ хоёр үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвлөн өгдөг. 2023 онд 399 сая төгрөг, 2024 онд 870 сая төгрөгийг төсөвлөн олгосон байдаг. Харин энэ жилийн төсөв тодорхой болоогүй байна.
МҮБХ, МҮДЭБ хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авах аж.