Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ба мөрдөн байцаагчид түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн албаа хашиж буй төрийн тэргүүнээ ийнхүү баривчилсан талаар “Ёнхап” (Yonhap) агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлах тушаалыг орон нутгийн цагаар 10:30 цагт гүйцэтгэжээ.
Түүний өмгөөлөгч Сок Дун Хён өмнө нь албан тушаалаас нь түдгэлзүүлсэн төрийн тэргүүнийг Авлигатай Тэмцэх Газрын мөрдөн байцаагчид байцаахаар болсон, мөн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж, түүнийг баривчлах оролдлогыг хууль бус хэмээн үзсэн хэвээр байна.
Өнөө өглөө 200 орчим цагдаа, Тагнуулын албаны 40 орчим мөрдөн байцаагч Юн Сүк Ёлыг баривчлах захирамжийг биелүүлэхээр түүний гэрт ирсэн боловч хамгаалалтын албаныхны эсэргүүцэлтэй тулгарч дахин зөрчилдөөн үүсжээ.
Өмнөхийг сануулахад, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд Өмнөд Солонгосын Парламентаас арванхоёрдугаар сарын 3-нд тус улсад цэргийн онц байдал зарласан Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд импичмент зарласан билээ. Тус улсын Тагнуулын Ерөнхий Газраас түүнийг үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлах захирамж гаргасан ч нэгдүгээр сарын 3-нд хамгаалалтын албаныхан нь түүнийг баривчлуулахгүй авч үлдэж байсан удаатай.
Хятадын “Шинхуа” (Xinhua) агентлагийн мэдээлснээр, Юн Сүк Ёл-ыг мөрдөн байцаалтын хэлтэс рүү шилжүүлэн байцаалтыг эхлүүлсэн аж.
Өмнө нь, Юн Сүк Ёл нь эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогод оролцсон нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсоны дараа Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргасан.
Юн Сүк Ёлыг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээс гадна сөрөг хүчний эсэргүүцлийг дарахын тулд улсын нөөцийг хууль бусаар ашигласан хэрэгт мөн давхар буруутгаж байгаа юм.
Үүссэн уг нөхцөл байдал зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй олон улсын тавцанд өргөн резонанс үүсгээд байна. Ази, Номхон далайн бүс нутгийн олон улс орон Өмнөд Солонгост шуугиан дагуулсан нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, хууль дээдлэх ёс, ардчилсан журмыг хүндэтгэхийг уриалж эхэллээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Юн Сүк Ёлын цаашдын хувь заяа мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүх хурлын үр дүнгээс шалтгаална.