Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим систем арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бэлэн болсон гэж мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр /2025.01.15/ иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхлэхээр болжээ. Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулан гаргаж буй.
АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан “Carplate” систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгох юм. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй юм.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой аж.