“Мөсөн хот” хэмээх нэршлээрээ Азидаа төдийгүй дэлхийн олон оронд танигдсан БНХАУ-ын Харбин хот тивийнхээ өвлийн наадмыг хүлээн авахад бэлэн болжээ. Харбин хот нь Азийн өвлийн спортын IX наадам 2025 оны хоёрдугаар сарын 7-14-нд зохион байгуулна.
Энэ удаагийн наадамд зургаан спортын 11 төрөл 64 зай ангилалд 34 орны баг тамирчид өрсөлдөнө.
Монгол Улсаа төлөөлж спортын 9 төрөлд 36 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Азийн өвлийн наадамд Монголчуудын өрсөлдөх спортын төрөл:
- Биатлон
- Тэшүүр
- Шорт трек
- Уран гулгалт
- Кёрлинг
- Цана
- Уулын цана
- Снөүборд
Харин энэ удаагийн тивийн өвлийн наадмыг Монголын хоккейн шигшээ баг өнжихөөр болжээ.
Азийн өвлийн наадмын маскот болон уриа үг
Тус наадмын маскот буюу бэлэг тэмдэг нь “Бинбин”, “Нини” гэх Сибирийн барс юм. “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” уриатай тус наадмыг зохион байгуулагчид мөс цасны спортын онцлогоос шалтгаалж томоохон спорт цогцолборуудыг ашиглалтад оруулсан юм.
Харбин хот
Харбин хот нь хойд Хятадын Хармөрөн мужийн төв бөгөөд дэд мужийн зэрэглэлтэй хот юм. Сонхуа голын өмнөд эрэгт оршдог. Тус хот нь хүн амынхаа тоогоор Хятад улсдаа 10-рт бичигддэг, зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв юм.
Харбин гэдэг нь манж хэлээр “загасны тор хатаадаг газар” гэсэн утгатай үгнээс гаралтай аж. Тус хотын өвөл маш хүйтэн болдог учраас “Мөсөн хот” хэмээн нэрлэгддэг.
Харбин нь өвлийн улиралд босдог үзэсгэлэнт мөсөн хотхон болон Хятад-Оросын худалдаанд гол үүрэг гүйцэтгэдэг хот гэдгээрээ ч алдартай.
Түүх сөхвөл 1920-оод онд Харбинд Парис, Москвагийн шинэ загварууд Шанхайгаас түрүүлж ирдэг байсан болохоор Хятадын загварын нийслэл гэгдэж байжээ.
БНХАУ-ын зүүн хойд хязгаарын Хэйлунжянь мужийн төв Харбин хот тэртээ 1898 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 10 сая орчим оршин суугчтай, аялал жуулчлалын нэгэн чухал бүс болжээ. Төмөр замын чухал уулзварууд энд оршдог, нисдэг тэрэг үйлдвэрлэлээрээ Хятаддаа алдартай, өвлийн цагт цас, мөсний аяллын гол чиглэлийн нэг болох уг хотын барилга байгууламж эртний византи, өнөөгийн орос, өнгөрсөн зууны 30-аад оны япон хэв шинжийг агуулсанаараа онцлог юм.
Азийн өвлийн наадам болох байршил
Харбин хотын таван газар мөсний спортын тэмцээн явагдана. Харин хотоос 190км зайд орших Ябули цанын төвд цасны спортын төрлүүд болохоор хуваарьтай байна.
Харбин хотын зочид буудлууд 1600 гаруй тамирчин болон албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгдэж байгаа билээ. Тус хот нь өвөл цагийн аялал, жуулчлалын гол бүс хэдийнээ болсон. Анх 1999 оны арванхоёрдугаар сард шинэ зууныг угтан авахаар Харбины Засгийн газар мөсөн Дисней Лэндийг бүтээснээс хойш энэ арга хэмжээ уламжлагдаж иржээ.
Иймдээ ч жил бүрийн өвлийн улиралд тус хотод дэлхийн хамгийн том мөсний фестивалийг зохион байгуулдаг.
Өнөөдөр мөсөн хотыг үзэхээр дэлхийн сая сая жуулчид Харбиныг зорин очдог.