УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны даргад нэр дэвшигчээр томилгооны сонсгол зохион байгуулж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Таныг УИХ-ын дарга оруулж ирж байгаа. УИХ-ын даргатай ямар холбоотой вэ. Таних уу, хэзээ танилцсан бэ. Монголд ил болдоггүй нууц гэж байдаггүй, анхнаасаа үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Мерит зарчим яриад байгаа мөртлөө нэг дарга нь хүн оруулж ирээд олонхи намын бүлэг нь намын бодлогоо барина гээд явдаг. Ийм улс төрийн томилгоонуудаас болоод төрийн бүх асуудал эхэлдэг. Хөрөнгийн зах зээл, гадаад хөрөнгө оруулалтыг сайжруулна гэлээ. муу байгаа шалтгааныг юу гэж оношилж байна вэ?
СЗХ-ны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамц:
-Холбоотой гэдгийг нь танил тал найз нөхдийн холбоотой юу гэж асуугаад байх шиг байна. УИХ-ын дарга СЗХ ны даргыг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгосон. УИХ-ын даргатай ямар ч холбоогүй, танил тал биш. Өнөөдрийг хүртэл УИХ-ын даргатай уулзаж үзээгүй байгаа. УИХ ын дарга нэр дэвших бололцоотой улсуудын судалгааг хийж байгаад намайг нэр дэвшүүлсэн юм байна гэж ойлгосон. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын даргыг огт танихгүй, нэр дэвшүүлснийг орой нь л мэдсэн. Нэр дэвших бололцоотой, туршлагатай хүмүүсээс судалгаа хийж байгаад миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгосон.