АНУ-ын ерөнхий мэс засалч Вивек Мурти согтууруулах ундаанд хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар анхааруулах шошго байрлуулахыг уриаллаа.
Энэхүү зөвлөмж нь хууль эрх зүйн хувьд батлагдаагүй ч архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн эрсдлийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэснийг онцолж байна.
Муртигийн боловсруулсан шинэ зөвлөмжид дурдсанаар АНУ-д архины хэрэглээнээс үүдэн жил бүр ойролцоогоор 100,000 хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж, эл өвчнөөр 20,000 хүн нас барж байна гэсэн статистик тоо бий.
Энэ нь тамхи болон таргалалтын дараагаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гол шалтгаануудын нэг хэмээн тодорхойлжээ. Гэсэн хэдий ч, “Америкчуудын ихэнх нь энэ эрсдэлийг мэддэггүй” хэмээн Вивек Мурти мэдэгдэлдээ онцолжээ.
Ерөнхий мэс засалчийн хэлэх гэсэн гол санаа бол олон нийтийн эрүүл мэндийн эрсдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн. Харин, түүний санааг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Конгресс шинэ хууль батлах шаардлагатай.
Эмч Муртигийн хэлснээр, согтууруулах ундааны шошгоос гадна эрүүл мэндийн байгууллагууд архи болон хорт хавдрын эрсдэлийн талаарх удирдамжийг эргэн харах шаардлагатай аж. Түүнчлэн эмч нар өвчтөнүүддээ архины хор уршгийн талаар мэдээлэл өгөхөд илүү анхаарах ёстой хэмээжээ.
“Архи бол хорт хавдрын гол шалтгаануудын нэг бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн Мурти онцлоод, “архины хэрэглээнээс үүдэлтэй хорт хавдрын эрсдэлийг бууруулах, энэ талаар олон нийтэд мэдлэг олгохын тулд хүн бүрийн хийх боломжтой алхмууд” байдгийг боловсруулсан зөвлөмждөө дурджээ.