Монголын түүхт соёлын үнэт өв, XVII зууны өмнөх үеийн гэж үзэж буй “Хүрэн халзан” морин хуур монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй.
Уг хуур 500 гаруй жилийн настай. Хил дамнан зарагдаад 18 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд таван эзний гар дамжсан аж. Хамгийн сонирхолтой нь “Хүрэн халзан” морин хуурыг худалдан авсан угсаатны хөгжим судлаач энэ хөгжмийг буцааж эх оронд нь авч ирсэн.
Монголын түүхт соёлын өв боловч өвлөн уламжлагчгүйн улмаас ийнхүү олон жил гараас гар дамнан ганцхан чавхдастайгаар, ая эгшиглүүлэх боломжгүй. Эртний эдлэл байдлаар худалдаалагдаж байжээ.
Анх 2014 онд гадаадын нэлээд нэртэй уран бүтээлчид Монгол Улсад ажлаар ирэх үедээ Засгийн газрын ордны ард байрлах эртний үнэт эдлэлийн дэлгүүрээс энэхүү хуурыг худалдан авч монголоос гарсан байдаг. Үүнээс хойш Голландад гар дамжин зарагдаж таван эзэн дамнасан гэж хэлж болно.
Мөн Голландын угсаатны хөгжим судлаачид энэхүү хуурыг аваачиж өгөхөд, тэр хүн энэ хуурыг хараад цочирдсон гэдэг. “Би ийм эртний хөгжим гэж бодсонгүй. Энэ маш хүчтэй энергитэй хөгжим байна. Магадгүй тахилгатай хөгжим байх. Ийм онцгой хөгжим учир өөртөө байлгахад хэцүү байна. Энэ хөгжмийг буцааж эх оронд нь аваачсан нь зөв. Яагаад гэвэл энэ хуурын илтгэж буй илэрхийлэл хоосонгүй. Шүтлэгтэй хуур байх магадлалтай” гэсэн байдаг.
Уг судлаач дуудлага худалдаагаар зарсан. Улмаар 2014 онд Сорен Винема гэдэг дэлхийн алдартай хөгжимчин “Хүрэн халзан” хуурыг худалдан авсан. Тэрбээр эртний хөгжим цуглуулдаг. Маш олон цуглуулгатай, хөгжмийн дэлгүүртэй байсан. Мөн тэр хүн энэ хуурд маш их хайртай байсан гэдэг. Тэр үед Нидерланд улсын иргэн Rowan Lee Hartsukier хуурын талаар олж мэдээд авах гэж хэд хэдэн удаа гуйсан ч өгөөгүй. Түүнээс хойш долоон жилийн дараа 2021 онд Сорен Винема нас барсан. Ингээд үр хүүхдүүд нь өвлөн уламжлагч болсон.
Ингээд хуурыг дуудлага худалдаанд зарах гэсэн боловч хүн аваагүй учир анх худалдан авсан угсаатны хөгжим судлаач дээр очиж “Та энэ хөгжмийн зэмсгийн учрыг олоод өгөөч” гэсэн байдаг. Тэгээд судлаач дахин дуудлага худалдаа зохион байгуулж яг зарах гэж байхад нь Нидерланд улсын иргэн Rowan Lee Hartsukier зургийн авч явуулсан аж. Угсаатны хөгжим судлаач Христиан Хаслунд, Потанин, Н.А.Чарусин, зэрэг судлаачдын XVII зууны зургуудтай харьцуулж харахад, мөн энэ морин хуурын ерөнхий байдлын талаар багагүй мэддэг байсан учраас энэ хуурыг хараад шууд таньсан тухайгаа Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв хэллээ.
“Хүрэн халзан хуур нь маш эртний хуур. Хэв шинж, хэлбэр хийц, хуурын чих, хялгасыг татсан байдал нь өнөө цагийн морин хуураас ялгаатай. Хялгас нь дээгүүрээ сурлан гарч ирж, чихний гадна талаар ороогдсон байдаг. Богд хаант улсын үеийн морин хууруудаас өмнөх үеийн хуурууд ийм хэв шинжтэй байдаг. Миний судалгааны үр дүн, багш нарынхаа зөвлөгөөний үндсэн дээр тус хуур нь 500 гаруй жилийн настай байх хэмээн таамаглаж байна. Магад түүнээс дээшээ байх магадлалтай.
Тус хуурын бас нэгэн онцлог нь эрүүнийхээ доор оньс суулгасан нүхтэй. Өөрөөр хэлбэл боржигоны оньсон хуур гэж дээр үед байсан. Нүд нь хөдөлдөг, хэл нь хөдөлдөг хуур байсан гэдэг домог яриа одоо ч байдаг. Бид тийм хуурыг нүдээр үзээгүй ч хүрэн халзан хуур бол оньсон хэлтэй боржигоны хуурын хамгийн эртний сурвалж гэдэг нь түүний үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг.
Тус хуурыг 2011 онд Алтай ятгын минь шавь Rowan Lee Hartsukier анх удаа өөрийн гар дээр авсан. Худалдан авахаасаа өмнө бүтэн 10 жилийн хугацаанд тус хуурыг харж өөрийн болгохыг мөрөөддөг байсан. Зарагдах үед нь авах гэж оролддог ч түүний мөнгө хүрдэггүй тохиолдол бишгүй олон байсан.
Олон удаагийн дуудлага худалдаанд ороход сэтгэл нь өвдөж байсан. Шавь минь над руу хуурын зургийг явуулж зарагдах гэж байгаа талаар дуулгасан. Тухайн үед энэ хуурыг ямар нэгэн байдлаар авч үлдэх ёстой, алдаж болохгүй гэсэн миний хүсэлтийн дагуу шавь минь 2021 онд худалдаж аваад 2022 онд албан ёсоор эх орондоо авчирсан. Намар нь Соёлын өдрүүдийн хүрээнд анх удаа олон нийтэд танилцуулсан.
Тус хууртай холбоотой судалгаа өнөө ч үргэлжилсэн хэвээр. “Мандала” кино компанийн зүгээс хүрэн халзан хуурын судалгааны дагуу баримтат кино хийх санал тавьсан. Та бидний сайн мэдэх холливудын алдарт бүтээл “Улаан хийл” киноны үйл явдалтай тун төстэй түүхтэй хөгжим. Хөгжмийн эргэн тойронд адал явдалтай сонирхолтой түүх их бий. 2004 онд гадаад улс руу зарагдсанаасаа хойш үргэлж уран бүтээлч, зөв сэтгэлгээтэй хүмүүсийн гар дамжсаар буцаад эх орондоо ирсэн.
Вьетнам руу дайнд явсан Монгол морины түүхтэй яг ижил түүхээр эх орноосоо гарч багагүй зовлон туулсан. Галаас хүртэл гарч чадсан ийм л түүх ихтэй хөгжмийн зэмсэг. Олон хүний гар дамжин над дээр ирсэн нь нэг талаараа зүрх шимшрэм, нөгөө талаараа ийм үйл явдлыг баримтат киноноос үзэх боломжтой.
Хүрэн халзан хуур ганц чавхдастай байсан. Нум байхгүй, нэг тэвх нь байхгүй. Уг нь эртний хуурууд үнэ цэнтэй байдаг учраас ихэнх тохиолдолд бүрэн бүтэн байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл бидний соёлын өв эзэнгүйдсэн байна. Сүүлд худалдан авсан эзэд нь ашиг олох зорилготой байсан хэмээн харж байгаа.
Эртний эдлэлийн дэлгүүрт 200 орчим доллароор зарагдсан байсныг бид 2000-аас дээш доллароор худалдан авсан. Голландын нэгэн хөгжим судлаач хуурын талаар ярихдаа “энэ хөгжмийг нутгаас нь гаргах нь буруу байж. Монголчуудын голомтод заавал байх ёстой үнэ цэнтэй зүйл учир нутагт нь буцаах ёстой.” хэмээсэн.”
“Хүрэн халзан” хуурыг эх нутагт нь авч ирсэн Нидерланд улсын иргэн Rowan Lee Hartsukier ярихдаа,
“Би хүрэн халзан хуурыг 2007 онд анх удаа харсан. Тухайн үед оюутан байсан бөгөөд шинээр хөгжим авах хүсэлтэй байлаа. Амстердам маш гайхамшигтай хөгжмийн дэлгүүртэй. Дэлгүүр рүү ороход худалдагчийн ард талын ханан дээр хуурыг өлгөсөн байсан нь надад маш сонирхолтой, өвөрмөц харагдсан. Худалдагч тэр өдөр хуурыг зарахгүй гэж надад хэлсэн. Тэгээд би сонирхол татсан хөгжмийнхөө оронд домбор авсан. 2017 онд дахин хуурыг авах хүсэлтэй байсан ч миний мөнгө хүрээгүй.
Учир нь цалин сайтай ажилтай байгаагүй. Нэлээд хэдэн жилийн дараа дэлгүүрт гал гарч олон хөгжим галд өртсөн. 2021 онд тус хөгжмийг дуудлага худалдаагаар худалдаж байх үед нь би олж өөрийн багшдаа дуулган Монгол улсад авчирсан.”
Хууранд хос чавхдас хийж бүрэн бүтэн болгосон. 2022 оны Соёлын өдрүүдийн үеэр анхны хөгийг нь тэгшлээд олон нийтэд танилцуулсан. Энэ хөгжим өнөөгийн морин хууруудаас ялгаатай дуу чимээ гаргадаг. Зөөлөн хэр нь гүн гүнзгий дуугаралттай. Эртний өвгөн туйл хайлж буй мэт сонсогддог аж.
Соёлын өвийн үндэсний төвд дахин засварт оруулсан. Цар хүрээ нь тавих хандлагатай болсон байсан. Цар нь нэлээн хатуу болсон учраас ахин засварт оруулж наалтуудыг нь шинэчилж бага зэрэг засвар оруулжээ. Өөр зүйлээр орлуулсан зүйл байхгүй бөгөөд яг л хуучин хэвээрээ хадгалагдан үлдсэн байна.
М.Буянзаяа