“Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам 2022 оны тэргүүн байрын шагналыг авсан зохиолч, найруулагч А.Марал болон шүүгчдийн бүрэлдэхүүний нэг “ЛГБТ” Төвийн Гүйцэтгэх Захирал Э.Энхмаа нартай харилцан яриа өрнүүлэв.
-”Цэнхэр тэнгэрийн цаана – 2022” кино наадамд түрүүлсэнд баяр хүргэе. Таван сая төгрөгийн шагналаараа юу хийх гэж байна даа?
Маралаа: Багийнхантайгаа л ярилцах байх даа. Түрүүлнэ гэж ерөөсөө бодоогүй болохоор их шоконд орсон байна. Багаараа гоё дурсамж бүтээе, киногоо театрт, өргөн дэлгэцээр бүгдээрээ үзье гээд маш их догдолж ирсэн. Хоёр жилийн өмнө би энэ наадамд бүтээлээрээ өрсөлдөж байлаа.
-Гуравдугаар байранд орсон “Яагаад гэвэл…”, хоёрдугаар байранд орсон “Мөчлөг” киноны талаар сэтгэгдлээ хуваалцвал…
Энхмаа: “Яагаад гэвэл…” кино өдөр тутмын амьдрал, яг л жирийн нэг залуугийн амьдралыг ямар ч хачиргүйгээр гоё дүрсэлсэн. Гол дүрийн залуу жүжигчин хайр татам. “Мөчлөг” үнэнийг яг түүхийгээр бодитоор ямар гоё өгүүлсэн байсан бэ. Цээжээ марлиар ороож байгаа хэсэг, маш шинэлэг, энэ түүх ийм байдлаар урьд нь өгүүлэгдэж байгаагүй. Маргааш нь кофегоо уудаг хэсэг маш их таалагдсан, юу ч болсон тэгээд л амьдрал үргэлжилсээр, бид амьдралыг хүлээн авсаар, амьдарсаар.
-Миний хувьд, би бүх кинон дээр маш их сэтгэл хөдөлсөн, би яагаад байна, юу болоод байна гээд би өөрөөсөө асуусан, би яачхав аа, яагаад би ийм сүртэйгээр бүгдийг хүлээж аваад байна, яагаад ийм эмзэг мэдрэмтгий байна аа?
Энхмаа: Хүн өөрөөрөө, үнэнээрээ байж чадаж байгааг, тэрийгээ даван туулж байгааг, нуухгүй байгааг, өөрөөрөө бахархаж тунхаглаж байгааг хараад хүн хүнд ямар нэг сэтгэгдэл төрж болно.
-Яг тийм бодол орж ирсэн л дээ, ихэнх хүмүүс өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа, өөрийнхөөрөө байгаа хүмүүсийг хараад, тэрийг мэдрээд, би бас өөрийнхөөрөө байх юм сан, эсвэл би өөрийнхөөрөө байж чадахгүй байхад энэ яагаад өөрийнхөөрөө байдаг юм гээд уурлаад байдаг байх.
Маралаа: ЛГБТИК+ хүмүүсийн хувьд эхлээд бид өөрөө өөртөө “кам аут” хийж өөрийгөө хүлээн зөвшөөрөх шаардлагатай болдог, эхлээд өөрийгөө ойлгодог, дараа нь дотны хүмүүстээ өөрийгөө нээдэг, тэгээд нийгэмд өөрийгөө нээдэг. Энэ бүх процесс эсэргүүцэлтэй тулдаг, хүссэн хүсээгүй тэмцэлтэй тулдаг. Дотоод сэтгэлийн хат хүч бүрэлдэж эхэлдэг. Алхам тутамдаа өөрийгөө харах, ажиглах, бодох, өөртэйгөө ажиллах шаардлага хэрэгцээ гардаг. Энэ хэрэгцээ хүчтэйгээр хүн болгонд гарч ирэх үү үгүй юу гэдэг бас асуулт.
Энхмаа: Хүн өөрийгөө бүтээдэг гэдэг. Магадгүй, ЛГБТИК+ хүмүүсийн хувьд энэ аялал, замнал амьдралын шаардлагаар харьцангуй эрт эхэлдэг байх. Бүх юм чинь үгүйсгэгдээд эхлэхээр хүн бодно, би насаараа ингэж үгүйсгэгдэж амьдрах уу, эсвэл одоо шийдвэр гаргаад сөрөх үү, өөрийнхөөрөө байх гэж тэмцэх үү, энэ асуултыг бусадтай харьцуулбал эрт өөрөөсөө асуудаг. Энэ асуултыг хэзээ чи өөрөөсөө асуух вэ, хүн хүний цаг хугацаа өөр өөр.
ЛГБТИК+ гэхээр нэмэх тэмдэгт хэн багтаж байгаа вэ?
Энхмаа: Маш өргөн далайцтай, күийр хавсраад хөгжлийн бэрхшээлтэй, ядуу, хөгшин гэх мэт маш олон хүмүүс бий. Энэ бүх хүмүүст давхар бэрхшээл үүсэж байгаа. ЛГБТ Төв бол нэгээхэн хэсэг. Энэ хөдөлгөөн олон тоглогч нартай, санхүүжүүлээд явж байгаа хүний эрхийн мэдрэмжтэй байгууллагууд, уран бүтээлчид, баар сав гээд бүгд энэ хөдөлгөөний том эрэг шураг. Зөвхөн ЛГБТ Төвөөр л хөдөлгөөнийг төсөөлж болохгүй.
Жил бүр бахархлын өдрүүдээр, шүүмжлэл эсэргүүцэл хурцдаж эхэлдэг. Юундаа бахархаад байгаа юм, давраад бай, бид нарт тулгаж байна, хүүхдүүд уруу татлаа…
Маралаа: Ялгаварлан гадуурхахгүй, гэхдээ дэмжихгүй гээд нэг үг яваад байдаг. Стрэйт хосууд гараа хөтлөлцөөд үнсэлцээд алхахад хэн ч гайхахгүй. Бид нар тэгвэл, хүмүүс гайхна, харна, тухгүйднэ. Хайртай хүнийхээ гараас хөтлөөд хэнээс ч айж ичихгүй явахыг хүсэхгүй гэж үү. Хайрыг бүх хүн адилхан мэдэрч байгаа, хэн хэн хоорондоо мэдэрч байгаа нь л ялгаатай. Гэхдээ мэдрэмж бол адил. Хайртай хүнтэйгээ хайраа илчлээд явахаас айх ямар байх бол. Яагаад заавал тэрийгээ нуух ёстой гэж. Би анх 12 насандаа эмэгтэй хүнд дурласан, хэн ч намайг уруу татаагүй. Би алсаас хайрласаар байгаад л миний анхны дурлал дуусаж байсан. Би хэзээ ч эрэгтэй хүнд татагдаж үзээгүй.
Энхмаа: Хүмүүсийн хүний эрхийн талаарх боловсролын хэмжүүр гэж харж болно. Хэзээ ч язгуур эрх нь хөндөгдөж байгаагүй хүмүүс ингэж ярих амархан. Ялгаварлан гадуурхана гэдгийг зөвхөн цохих зодох хэмжээнд бодсон хэвээр л байгаа. Бүтцийн хэмжээнд бодох хэрэгтэй. Ил далд байгаа бүх ЛГБТИК+ хүмүүсээр би бахархаж байна. Энэ их хавчилт шахалт дунд ур ухаанаа уралдуулж, үйлдэл бүр дээрээ шатрын нүүдэл хийж амьдарч байгаа хүмүүсээр би бахархаж байна. Алга ташмаар байна. Бүх цаг үед өөрийнхөө бүхий л чадлаараа тэсэж, учрыг нь олох гэж уйгагүй тэмцэн амьдарч буй та бүгдээр бахархаж байна. Доод дэлгүүрээс талх авахаас эхлээд, хил давах хүртэл алхам тутамдаа нүд үзүүрлэгдэн гадуурхагдсан ч тэмцсээр, амьдарсаар байгаа бүх хүмүүсээр бахархаж байна. Өөрсдөөрөө ч гэсэн маш их бахархаарай.
-Өөрсдөө найзууд дундаа ил гей ч гэсэн төвийг, энэ коммунитигээ үгүйсгэдэг, дургүй байгаа хүмүүстэй олон тааралдсан. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Маралаа: Би анх найзууддаа хэлэхэд, тэд намайг ойлгож хүлээж авсан. Эхэндээ Төв дээр, энэ хүмүүстэй уулзалдахаас айдаг л даа, бүгдээрээ намайг мэдчихнэ гэдэг ч юм уу, санаа зовдог. Гэхдээ яг миний туулж байгааг биеэрээ туулж мэдэрч үзсэн хүмүүсийн дунд ороод, мэдлэг мэдээлэлтэй ойрхон болоод ирэхээр, уран бүтээлчийн хувьд өөрийгөө сориод эхлэх бол өөр мэдрэмж, дараагийн шатны мэдрэмж. Энэ мэдрэмжийг авч үзээгүй бол айдастай байж магадгүй.
Энхмаа: Өөрөөрөө бахархаж сураагүй, ичдэг гэсэн үг. Ичдэг юмаа тод томруунаар байн байн ил гаргаад байхаар улам л ичээд тухгүй болно. Өнөөдөр ЛГБТИК+ хүмүүс CU гээс эхлээд төрийн ордонд нийгмийн бүх хүрээлэл давхаргад ил далд хэлбэрээр ажиллаж байгаа. Санхүүгийн хувьд арай боломжтой хүмүүс өөрийнхөө хүрээллийг бүрдүүлчихсэн, анги хүмүүстэйгээ холбогдох гэхээр доошоо орчих гээд, өрөвдөлтэй болчих гээд байгаа юм шиг санагддаг хүмүүс бас байна. Нийгмийн хог шаар болчих гээд байдаг, гэтэл бид хог шаар гэдэг нэр томьёоноос салах гээд байдаг чадлаараа энэ дунд сэлээд л байна. Мэдээллээс зугтаадаг, өөрөөсөө түлхдэг, тэр чигт нь хаалт хийгээд, хэдэн ондоо ч юм тэр чигтээ гацаад үлдсэн хүмүүс байдаг. Неолиберализм ярьдаг хүмүүс байдаг даа, бүтцийн асуудлыг ойлгохгүй хэрнээ хүсвэл чи чадна гэдэг мотто-той хүмүүс байдаг. Магадгүй чи азтай, боломжтой эцэг эхтэй байж болно, тэгчхээд би болоод байхад бусад нь яагаад болохгүй байгаа юм гэж юманд ханддаг ч юм бил үү. Тийм харанхуй тунел шиг, тийм харцтай хүмүүс байдаг. Чардайгаад, яг улаан бүсэд тэмцэж яваа нэгнээ үгүйсгэдэг, үл хүндэлдэг, тоодоггүй.
-“The Voice” киноны төгсгөлийн хэсэгт ирээд үнсдэг хэсэг маш догдлом, үнэн сэтгэлийн мэдрэмж төрүүлсэн шүү. Үзэгчид дуу алдан алга ташиж байсан нь бүр гоё. Киноны зохиол чиний хувийн амьдрал хоёр хэр их холбоотой вэ?
Маралаа: Би зохиолоо бичиж байхдаа, дүрүүддээ ордог, тэр дүрийн талаас боддог. Анх зохиолоо бодохдоо, гунигтай төгсгөл бодчихсон байсан л даа. Зохиолоо бичих явцад төгсгөлийн сцен яг нүдэнд харагдаад эхэлсэн, тэр хоёр хамт хэвтэж байгаа дүр зураг ороод ирсэн гэх юм уу. Надад ч гэсэн шокны санагдсан. Жүжигчин Намуунаа бас өөрийнхөө мэдрэмжүүдийг надтай хуваалцсан нь илүү амьд болгосон болов уу гэж бодож байна.
Энхмаа: Энэ удаагийн кино наадамд бид кино багийн 30 хувь күийр байх гэдэг шаардлага тавьсан. Яагаад гэвэл, бид өөрсдөө түүхээ өгүүлэх ёстой. Өнөөдөр тэр зааланд, яг л ийм байдаг даа гээд, танил мэдрэмж авч байгаа, гар гараасаа атгаад киногоо үзэж байгаа олон хосууд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Орчин үеийн Монгол кинонуудын талаар ямар бодолтой байдаг вэ? Цаашид ямар төрлийн кино зохиол бичиж, найруулах вэ?
Маралаа: Арилжааны кинонууд ашгаа л бодож кино хийж байгаа гэж ойлгодог. Зохиол муу, судалгаа муу. Ихэнх тохиолдолд, үүнтэй адилхан, яг иймэрхүү зохиол бичүүлмээр байна гэдэг. Тэгэхээр зохиолчид эрх чөлөө байхгүй бол сайн бүтээл гарах уу үгүй юу. Үзэгчид бэлэн болоогүй байна гэдэг, уул нь бид өөрсдөө л бэлэн болгох ёстой. Би “Зүүдний Даяанч” гээд 3 тууж ном бичиж байсан, цаашдаа илүү үргэлжилсэн үгийн ном зохиол гаргах тал уруугаа чиглэж ажиллана гэж бодож байгаа.
Энхмаа: Энд нэг зүйлийг хэлэхэд, энэ жилийн манай фестивальд ирсэн бүтээлүүдийн онцлог нь үзэгчдээ нэг их тоогоогүй, айгаагүй, тааруулаагүй, яг л эрх чөлөөтэйгөөр уран бүтээлээ туурвисан байна гэдэг сэтгэгдэл надад төрсөн. Үүнд нь ч маш баяртай байна.
Орчин үеийн кинонууд хошин шогийн үе дээрээ гацжээ. Харин хуучны кинонууд илүү модерн байсан ч юм шиг. 1963 оны “Ээ дээ, Энэ Хүүхнүүд үү” кинон дээр би анх күийр сценийг олж харсан.
-Өнөөдөр театрт дүүрчихсэн, киног бүгдээрээ ямар гоё эмоцтой үзэж байсан бэ? Жил ирэх тусам улам л далайцтай, гоё болоод байх шиг.
Энхмаа: Өдийг хүртэл кино наадмын хүрээнд нийт 48 кино ирсэн байна. Монгол күийр кинонуудын архив үүсэж байгаад маш их баяртай байгаа. Манайхыг дэмждэг олон дэмжигч байгууллагууд ирж үзсэний дотор Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа ирсэн нь төрийн байгууллагаас кино наадмыг ирж үзэж байгаа анхны тохиолдол.
Маралаа: Би энэ жилийн PRIDE-н бүх үйл ажиллагаанд оролцож байгаа. Нээрээ л тэгж бодсон, би өөрөөрөө бахархах хэрэгтэй шүү дээ. Би бахархаж сурч байгаа. Театр, жүжгийн үеэр, нэг нь ингэж хүртэл хэлж байсан: “Яг л нэг гэр бүл болчихсон юм шиг, өөрийн гэр бүлтэйгээ хэзээ ч ийм гоё байдаггүй дээ.” гэж.
-Маралаагийн хувьд “кам аут” буюу өөрийгөө илчлэх замнал хэрхэн явагдсан бэ?
Би дээрээ нэг ах, хоёр дүүтэй. Хоёр дүү маань бол угаасаа л намайг мэддэг байсан. Ахдаа хэлэхэд, ах маш хөөрхөн хүлээж авсан. Аав ээжид хэлбэл, би цуг байж болно шүү гээд л. Гоёор хүлээж авч, дэмжиж байсан. Ээж ерөнхийдөө гадарлаж байсан байх, өөрийгөө хэлснээс хойш ээжтэйгээ илүү дотно болсон. Аавдаа одоогоор хэлээгүй байгаа.
-Тэгвэл энэ ярилцлагаар чи олон нийтэд “кам аут” болж байна гэж ойлгож болох уу?
Болно.
-Сүүлийн асуулт, кино наадмын бүх кинонууд л хайрын тухай байх шиг санагдсан, өөр өөр хэлбэрээр, өөр өөр өнцгөөс хайрыг л дүрслээд байна даа гэж бодогдсон. ХАЙР бол ХАЙР.
Энхмаа: Күийр хүмүүс хайрыг, хайрын түүхийг хүсээд байна. Өргөн дэлгэцэн дээр өөрсдийгөө бас хармаар байна шүү дээ. Бид соёлын яамтай улс хэрнээ, нэг нэгийгээ шоолсон, доромжилсон, гутаасан байж болохгүй. Соёлыг ноёрхож, нормыг суулгаж байгаа стрэйт хүмүүс бид нарыг дүрслээд байхаар бид өөрсдийгөө тэндээс олж харахгүй байна. Харин өөрөө өөрсдийгөө дүрслэхээр танил мэдрэмж аваад гар гараа атгаад сууж байгаа.
Маралаа : Бид бэлгийн чиг баримжаагаа хайр дурлалаараа эхэлж мэддэгтэй холбоотой байх. Хайр дурлалтай учирснаар бид илүү өөрийгөө нээдэг, өөрийгөө ойлгодог, илэрхийлдэг гэж боддог.
Сэтгүүлч: Ж. Мандхай
Шилдэг бүтээлүүдийг үзэх холбоос:
“The Voice” – “Цэнхэр тэнгэрийн цаана” 2022 кино уралдааны ТЭРГҮҮН БАЙР
“Мөчлөг” – “Цэнхэр тэнгэрийн цаана” 2022 кино уралдааны 2-Р БАЙР
“Яагаад гэвэл” – “Цэнхэр тэнгэрийн цаана” 2022 кино уралдааны 3-Р БАЙР