Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Хорт хавдрын судалгааны олон улсын агентлаг 1988 онд архийг тамхи, асбест (asbestos) болон бусад бодисуудын хамт хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад оруулсан.
Өнгөрсөн жил Их Британид хийсэн өргөн цар хүрээтэй судалгаагаар согтууруулах ундааг тогтмол хэрэглэдэг хөгшин хүмүүс хорт хавдраар нас барах магадлал өндөр байжээ.
Тэгвэл Европт согтууруулах ундаанд хорт хавдрын эсрэг анхааруулах шошго байрлуулах ажил зогсонги байдалд ороод байгаа юм. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен 2021 оны хоёрдугаар сард дэвшүүлсэн хорт хавдрын эсрэг төлөвлөгөөндөө 2023 он гэхэд согтууруулах ундааг хорт хавдрын шошготой болгох шаардлагатай гэж тусгаж байсан. Гэсэн хэдий ч, уг санал архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, өнгөрсөн оны сүүлээр шинэ Комисс байгуулагдах үед хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдаж байсан удаатай.
Харин Ирландад согтууруулах ундааг эрүүл мэндийн стандартын дагуу шошголох тухай шаардлага 2026 оноос хэрэгжиж эхлэхээр болжээ. Шошгон дээр илчлэгийн агууламж, хорт хавдар, элэгний өвчлөл, жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэхтэй холбоотой эрсдлийн талаарх мэдээллийг багтаахаар төлөвлөж байгаа аж.
Жич сонирхуулахад, асбест (asbestos) гэдэг нь байгаль дээр оршдог, маш нарийн ширхэгтэй, галд тэсвэртэй, дулаан болон цахилгаан тусгаарлагч шинж чанартай ашигт малтмал. Асбестийг барилгын материал, автомашины тоормос, дулаалга, дээвэр болон бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд өргөн ашигладаг байсан. Түүний хортой гол онцлог нь галд тэсвэртэй, өндөр градусын дулаан болон химийн нөлөөнд тэсвэртэй. Асбестийн нарийн ширхэг агаарт хөвж, хүний биед орвол уушгины хорт хавдар, асбестоз зэрэг ноцтой өвчин үүсгэж болзошгүй.
Өнөө цагт асбестийн хэрэглээг Дэлхийн ихэнх оронд хуулиар хязгаарласан буюу хориглосон байдаг, учир нь түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг асар их болох нь тогтоогдсон.