Сүүлийн өдрүүдэд цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол их байгаатай холбоотойгоор ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд их гарч байна. Энэ үедээ зориулалтын бус газар, зориулалтын бус техник хэрэгслээр өөрийнхөө болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангалгүй цана чаргаар гулгаж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байна.
Сүүлийн үеийн тоон мэдээллийг дурдахад: 2024 оны 12-р сарын 31-нээс 2025 оны 1-р сарын 8-ны хооронд буюу найм хоногийн хугацаанд 200 гаруй иргэн цана чарганаас унаж гэмтэн ирсэн байна. Түүний тал хувь нь буюу 106 нь бага насны хүүхэд байгаа юм.
Иймд үр хүүхдээ авч агаар салхинд гарахдаа зориулалтын бус техник хэрэгслээр уулын уруу гулгахгүй байхыг анхааруулж байна.