Өнөөдөр /2024.01.13/ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ыг таван хувь болгох хуулийг санаачилсан талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
Энэ хуулийн төслийг 2019 онд өргөн барьж байсан боловч хэлэлцэхгүй байсаар УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан. Гэвч шинэ парламентын гишүүд хамтран дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган аж ахуй нэгж байгаагаас 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаагаас 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Энэ тоо бага байгаа нь НӨАТ-ын хэмжээ хэт өндөр байгаатай холбоотой. 2024 онд 6.5 их наяд төгрөгийг буюу нийт татварын 24 хувийг НӨАТ бүрдүүлсэн. Өнгөрсөн жил таван хувь болгосон бол ард түмэн бараа таваарыг хямдаар худалдан авч эдийн засаг эрчимжих боломжтой байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг таван хувь болгох санаачилгыг гаргаж байна.