Нидерландын иргэн Rowan Өрөг.мн сайтын оффист зочиллоо. Гадаадад дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан морин хуурыг худалдаж аваад, Д.Ганпүрэв багш руугаа явуулж байсан гэдгээр нь монголчууд эчнээ танина биз ээ. Хэдхэн хоногийн өмнө хүүгийн хамт маск зүүсэн зургаа цахим хуудаснаа оруулж, Улаанбаатарт удахгүй ирэх гэж байгаа тухайгаа бичсэн байв.
Түүний тухайд манай Монголын хүргэн. Гэргий М.Сарантуяатайгаа 2010 онд танилцаж, хоёр жилийн дараа Монголд нижгэр хурим хийж байсан түүхтэй. Том хүүг нь Жамуха, бага хүүг нь Жангар гэдэг. Хүүгээ нэг настайд Монголд ирж байсан тэрбээр ийнхүү найман жилийн дараа Монголд ирж буй нь энэ.
-Найман жилийн дараа Монголд ирэхэд юу өөрчлөгдсөн байна. Улаанбаатар хэр их утаатай байна. Тэр маскаа зүүж ирсэн үү та хоёр?
-Сайн байна уу. Хүү бид хоёр сайн явж ирлээ. Эхнэр маань Улаанбаатарын утаанаас их айж байсан. Тиймээс би сайн чанартай маск авсан юм. Гэхдээ Монголд ирснээсээ хойш энэ маскийг огт зүүсэнгүй. Харин хүү маань л зүүж байх шив. Улаанбаатар өнөөдөр жаахан утаатай байна. Өчигдөр тэнгэр хөх нартай байсан.
-Та Монголоор их сайн ярьж байна. Монгол хэлийг хаана ингэж сайн сурав. Эхнэртэйгээ танилцсанаас хойш сайн сурсан уу?
-Би тийм сайн ярьдаггүй ээ. Олон үг сурах хэрэгтэй.
-Монголд амьдрах бодол байгаа юу. Эхнэртэйгээ энэ талаар ярилцаж байв уу?
-Монголд амьдрах бодол байхгүй. Бид Нидерландын амьдралдаа маш их хайртай. Монголд бас маш их хайртай. Энэ зун гэр бүлээрээ Баян-Өлгий явж үзмээр байгаа. Нидерландад Монгол соёл, дуу хөгжмийг хүмүүст сурталчилж, таниулах нь бид хоёрын мөрөөдөл.
Манайх фермтэй. Тахиа, гахай тэжээдэг. Зүгээр л хоббигоороо гэх юм уу. Учир нь би амьтанд маш их хайртай. Манай гэрийнхэн бүгд цагаан хоолтон. Миний хувьд сүүтэй цайнд маш их дуртай. Хамгийн дуртай хоолоо нэрлээч гэвэл банштай сүүтэй цай.
Би Монгол гэрт ажлаа хийдэг. 2017 онд Монголоос худалдаж аваад барьж байсан. Шувуудын, салхины чимээ сонсоод ажиллах хачин гоё. Оффист маань бас зуух бий. Яг л монгол малчин шиг аж төрдөг.
-Та хэчнээн Монгол дээлтэй вэ?
-Гэрт маань монгол дээл, цамц олон бий. Тоолж үзээгүй юм байна.
-Захиалж хийлгэдэг үү?
-Бүгдийг нь Монголоос авсан.
-Таныг хөгжмийн цуглуулгатай гэж сонссон. Ямар, ямар хөгжим тоглож чадах вэ?
-Гадаадад дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан морин хуурыг худалдаж аваад, Д.Ганпүрэв багш руугаа явуулж байсан гэдгээр тань монголчууд сайн мэднэ.
-Миний хувьд янз бүрийн монгол хөгжим тоглодог. Алтай ятга, товшуур, морин хуур төмөр хуур, хулсан хуур тоглодог. Одоо цуур гэдэг хөгжим тоглож сурмаар байна. Монгол соёл, жинхэнэ монгол урлаг, монгол нүүдэлчин амьдрал их сонирхолтой. Дэлхийд маш ховор соёл.
Бидний ярилцлагын видео хувилбарыг энд дарж үзнэ үү.