Монгол Улс 2024 онд нүүрс экспортын хэмжээгээр 83.7 сая тн нүүрс экспортлон түүхэн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн онд 83.7 сая тонн чулуун болон хүрэн нүүрсийг 8.6 тэрбум америк доллароор экспортолсон нь 2023 оноос биет хэмжээгээр 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй боловч борлуулсан үнийн дүнгээрээ хоёр орчим хувиар буураад байна.
Салбарын сайдын хэлж буйгаар Уул уурхайн бирж дээрх суурь үнэ нэг тонн тутамдаа 136,3 ам.долларын ханштай байна. Үүн дээр хил хүртэлх тээврийн зардлыг нэмэхээр Монгол Улс Уул уурхайн биржээрээ худалдаж байгаа нүүрсний нэг тонн тутам дахь үнэ 158 ам.доллар байна.
Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
“Монгол Улс Уул уурхайн биржийн тухай хуультай. Уг хуулийн дагуу уул уурхайн тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаад явж байна. Нүүрсний хувьд биржийн арилжаа болон бусад урт хугацаанд гэрээ хийсэн компаниудын гэрээний нүүрсийг нийлүүлэх гэсэн ийм хоёр төрлөөр экспортыг хийж байна. Сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол бирж дээр олон улсын нүүрсний үнэ бага зэрэг буурсны улмаас биржийн арилжаанд тодорхой бага хувиар буурах зүйл ажиглагдаж байгааг хэлье. Манай биржийн арилжааны үнэ бол тухайн нүүрсийг хил хүртэлх тээвэртэй нь нийлүүлээд гарсан үнэ байдаг.
Биржийн арилжаа бол урьдчилсан арилжаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн арилжаагаар би нүүрс худалдан авлаа гэхэд ойролцоогоор хэдэн сарын дараа нүүрсээ хил дээр хүлээн авч байгаа. Тэгэхээр энэ хооронд хэрэв нүүрсний үнэ өсвөл худалдан авсан компанид ашигтай. Унавал ашиггүй. Ийм л асуудал. Өнөөдрийн байдлаар ашиггүй л тал руу орж байгаа учраас биржээр арилжаа хийж, нүүрс худалдан авсан компаниуд дээр нэлээн хүнд тусч байгаа юм.
Эцсийн хэрэглэгчид биржийн арилжаанд орохгүй байгаа нь үнэн. Олон улсад уул уурхай, тэр дундаа нүүрсэн дээр урт хугацааны тогтвортой гэрээ хийж байж нийлүүлэлт үнийн асуудлыг гэрээндээ заасан байдлаар явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад янз бүрийн л компани бүртгэлтэй, биржийн арилжаанд оролцоод явж байна. Тэд цааш нь дамжуулан борлуулдаг ийм л компаниуд биржийн арилжаанд оролцож байна. Энэ асуудлыг уул уурхайн бирж дагнаж гүйцэтгэдэг.
2025 онд нүүрсний дундаж үнийг 105 ам.доллар байхаад энэ оны төсвийн төсөөлөлд тусгасан. Өнөөдрийн байдлаар гурван төрлийн биржийн дундаж үнэ 120 гаруй ам.доллар байна. Өөрөөр хэлбэл 160-80 хоёрын хооронд баланстай байгаа юм. Үүн дээр боломж байна гэсэн үг. Зэсийн тухайд 9000-9500 ам.долларын хооронд байгаа бол улсын төсөвт зэсийн экспортоос олох орлогыг сүүлийн 10 жилийн дундаж буюу 7500 орчим ам.доллараар тогтоосон. Иймд үнэ тодорхой хэмжээнд буусан ч орлого бүрдүүлэлтийн тал дээр асуудал гарахгүй гэж бодож байна” гэлээ.