Цагаандэл Уул боомт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байрладаг. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн нэмэлт өөрчлөлтөөр Цагаандэл уул-Өлзий боомтыг шинээр нэмж оруулсан байдаг.
Харин Өмнөговь аймагт одоо Цагаан дэл уул боомтыг нээнэ, нээхгүй гэдэгт иргэд санал хуваагдсан.
Улсын эрх ашгийг бодвол тус боомтыг нээх нь эдийн засгийн хувьд ч, орон нутгийн хөгжлийн хувьд ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэгэнт хоёр улсын Засгийн газар 2019 оны 06 сарын 25 ны өдөр тус боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэрээг байгуулж, тухайн үеийн Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар /Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга/, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Тиан Юун нар санал солилцож, харилцан тохиролцоод, гарын үсэг зурсан түүхтэй. БНХАУ-ын талаас ч тус бүтээн байгуулалтыг өөрсдийн хэмжээнд хийгээд дуусчихсан. Одоо манай Улсын талаас эрт орой хэзээ нэгэн цагт нээх нь цаг хугацааны асуудал болсон.
Харин Өмнөговь аймгийн иргэдийн хувьд тус боомт нээгдэж, үйл ажиллагаа явуулахад орон нутгийн иргэдийн амьжиргаа, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх үүд хаалга нээгдэх юм. Ингэснээр өнөөдөр тухайн орон нутагт амьдарч буй иргэнд төдийгүй ирээдүй хойч, үр хүүхдүүдэд нь ч эдийн засгийн суурь хөшүүрэг нь болох учиртай.
БНХАУ-ын талаас тухайн боомтын бүс нутгийн иргэдийн худалдаа эрхлэх боломжийг дэмжих, Урт хугацаатай бизнесийн зээлийг давуу эрхтэйгээр олгох гэх мэт бүс нутгийн иргэдийн ажил үйлчилгээ эрхлэх боломжийг нээж өгч байх зэрэг олон давуу талыг олгож байгаа аж.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор зургаан багц асуудлыг дэвшүүлсэн. Үүний нэг нь боомтын сэргэлтийн бодлого.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа. Тэгвэл төрийн залгамж бодлого үргэлжилж 2019 онд Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээг үзэглэж бүтээн байгуулалтыг ажлуудыг эхлүүлсэн юм.