Гэгээн хайрын баярыг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театр /УДЭТ/ хайрын тухай жүжгээ дахин толилуулахаар болжээ. Тодруулан хэлбэл, “The Lover” жүжгээ хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд дахин тоглох нь ээ. Тус жүжгийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тайзнаа тоглосон ба үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байсан юм.
Жүжгийн найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ?” гэсэн санаан дор жүжгээ орчин үеийн залуусын сонирхолыг татахуйц хөгжим болон хөдөлгөөний хэлээр хүүрнэсэн билээ. Тус жүжгийн Сарагийн дүрд УДЭТ-ийн жүжигчин М.Тогтохжаргал, Б.Золзаяа нар, Ричардын дүрд О.Майдарравжаа, Ц.Рагчаа нар тоглож буй.
Английн домогт уран бүтээлч Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн уг бүтээл нь анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан билээ.
С.БААСАНСҮРЭН