Марк Цукерберг “Instagram” болон “Facebook”-т тавьж буй цензур буюу хяналт хэрээс хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр “үг хэлэх эрх чөлөөг эргүүлэн авчирч сэргээх болно” хэмээн амлалт өгөв.
Мөн, “factchecker” буюу факт шалгагчдаас ч татгалзахаа амлалаа. Харин, зарим нэг шүүмжлэгчид түүний энэ амлалтыг шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампад “таалагдах” гэсэн үйлдэл хэмээн шүүмжилж эхэллээ. “Meta” компани контентуудад тавих хяналтыг болон түүний контент шүүлтүүдийн ажиллах арга барилыг үндсээр нь өөрчлөх гэж байна.
Тухайлбал, компани бие даасан “factchecker”-уудын үйлчилгээнээс татгалзаж, оронд нь хэрэглэгчдэд бичлэг болон контентууддаа тайлбар нэмэх “community notes” хэмээх шинэ функц нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн, “Facebook”, “Instagram”, “Threads”-д улс төрийн агуулгатай контентуудыг алгоритмт мэдээллийн урсгал руу нь буцаан оруулна гэдгээ ч амлав. “Meta”-ийн тэргүүн Марк Цукерберг эдгээр бүх алхмуудаа “цензур хяналт бараг байхгүй байсан тэр үе рүү буцаж очно” хэмээн тайлбарлав. “Бид контентын модерацид болон цензурт хэт их алдаа гарсан цэгт хүрч ирсэн” хэмээн Марк Цукерберг өөрийн тайлбар видеондаа дурдав. “Тиймээс бид үндсэн горим руугаа эргэн очиж, алдаагаа бууруулж, гол бодлогоо хялбаршуулах хэрэгтэй. Мөн, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тэрхүү эрх чөлөөг нь сэргээх тал дээр түлхүү анхаарах болно” гэсэн юм. Ийм шийдвэрт хүрэхэд шалтгаан болсон хүчин зүйлсийн нэг нь саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль аж. Түүний онцлон хэлснээр, энэ бол “эргэж буцах мөч” цаг нь ирлээ, үүнээс хойш түүнээс цааш үг хэлэх эрх чөлөө дахин тэргүүлэх байр суурьтай болох нь дамжиггүй болж байна.
Цукерберг “Meta”-ийн харьяа сошиал сүлжээнүүдэд ойрын үед гарах таван гол өөрчлөлтийг онцоллоо:
Нэг. Гадаад “factchecker”-үүдийн үйлчилгээг зогсоох. Оронд нь компани “community notes” хэмээх шинэ функц нэмж, хэрэглэгчдэд буруу зөрүү эсхүл төөрөгдүүлж болзошгүй бичлэгүүдэд тайлбар нэмэх боломжийг олгох аж.
Хоёр. Контентийн бодлогыг хялбаршуулах. “Meta” компани тодорхой сэдвүүд, тухайлбал цагаачлал болон хүйсийн асуудалд хязгаарлалт тавихгүй байхаар төлөвлөж байгаа аж.
Гурав. Цензур буюу хяналтын зарчмын өөрчлөлт.
Хэрэв, компани сошиал сүлжээнүүдийн хэрэглээний дүрмийг зөрчиж буй бүх материалыг автоматаар хянаж цагддаг бол, цаашид хууль бус мэдээлэл эсхүл ноцтой зөрчлүүдийг эрж хайхад илүү анхаарах аж. Бусад тохиолдолд “Meta” хэрэглэгчдийн гомдол дээр үндэслэх юм байна.
Дөрөв. “Иргэний контент”-ийг буцаах. Саяхан улс төрийн агуулгатай бичлэгүүд компанийн сошиал сүлжээнүүдийн зөвлөмжүүдэд орж байгаагүй, учир нь хэрэглэгчид эдгээр бичлэгүүдээс болж стресст орох тохиолдолд их байсан. Тиймээс, Марк Цукербергийн хэлснээр, үзэгчид, хэрэглэгчдийн хүсэлт, шаардлага өөрчлөгдсөн тул тиймэрхүү бичлэгүүд алгоритмт мэдээллийн урсгал руу буцаж орох юм байна.
Тав. “Trust & Safety” баг болон модераторууд Техас руу шилжих. Одоогийн байдлаар дээрх багийн ажилтнууд Калифорнид байрлан ажилладаг. Тиймээс баг дайралтад өртөх боломжтой гэж үзэж байгаа аж. Гэсэнч, эдгээр өөрчлөлтүүдийг чухам хэзээнээс хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Марк Цукерберг зөвхөн “factchecker”-үүдийг хазаарлах үйл явц ойрын хэдэн сарын дотор эхлэх болно гэдгээ онцлов. Одоогийн байдлаар энэ бүхэн зөвхөн АНУ-д хэрэгжиж эхлэх ба бусад бүс нутагт хэрхэх талаар ямар ч мэдээлэл байхгүй байна.
О.АНИР