Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Стандарт хэмжил зүйн газар, ХАБҮЛЛ, Үндэсний итгэмжлэлийн төв, МЭЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, 21 аймаг, нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн.
Тодруулбал, хамтарсан ажлын хэсэг \2024.12.12-2024.12.25\ ны өдрүүдэд Нийслэлийн Амгалан, Баялаг ундраа, Баянзүрх, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Тэгвэл өнөөдөр хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дүнг холбогдох албаныхан танилцуулав.
Хяналт шалгалтаар нийслэлийн зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ. Үүний 39 нэр төрөл нь манай улсын стандартад бүртгэгдээгүй пестицид байна. Түүнчлэн олон улсад мянга гаруй нэр төрлийн пестицид байдгаас манай улс 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдлийг хянах боломжтой байна.
Харин Стандарт хэмжил зүйн газраас худалдаа эрхлэгчдийн жин хэмжүүрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Загварын туршилтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл ашигласан, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, Хэмжих хэрэгслийн баталгааны лацны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн Итгэмжлэлийн үндэсний төвийн шалгалтаар Амгалан, Баялаг-Ундраа, Баянзүрх, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төвийн хүнсний лабораторид хяналт, шалгалт хийхэд Зургаан лабораторийн тав нь итгэмжлэгдээгүй зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Мал эмнэлгийн байгууллагаас нийслэлийн долоон худалдааны төвд борлуулагдаж буй мах махан бүтээгдэхүүнээс дээж авахад ноцтой зөрчил илрээгүй байна. Харин Махны хадгалалт, худалдаалалтын үеийн температурын хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй, Ажиллагсад зориулалтын ажлын хувцас, малгай, бээлий өмсөөгүй, Худалдаанд хэрэглэх сав, суулга, хутга, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх тусдаа цэггүй, Махыг эвдэж жижиглэж шулах байрны ханын зарим хэсгээрээ хуурч унасан, цэвэрлэж халдваргүйжүүлэхэд тохиромжгүй зэрэг зөрчил илэрчээ.
Дээрх хяналт шалгалтын дүнтэй холбоотойгоор Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Хүнсний аюулгүй байдал, чанар стандартад анхаарч цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах
- Итгэмжлэгдээгүй хүнсний лабораториудад шаардлага тавьж, Итгэмжлэх
- Шаардлагатай стандартыг шинэчлэн батлах
- Пестицидийг илрүүлэх нэр төрлийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
- Хүнсний зах худалдааны төвүүдэд шаардлага тавьж, хариуцлага тооцох гэх мэт арга хэмжээ авч цаашид төлөвлөгөө гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.