Жил бүрийн нэгдүгээр сараас эхлээд дотооддоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ спорт холбоодууд зохион байгуулдаг. Тухайн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдаар шигшээ багаа шинэчлэн бүрдүүлдэг билээ. Энэ ч утгаараа улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэн тамирчид хилийн чанадад болох томоохон тэмцээнд өрсөлдөх эрхээ өвөртөлдөг гэсэн үг ээ.
Монголын спортын корпорациас нэгдсэн УАШТ-ийг хариуцан авч зохион байгуулдаг. Энэ жилээс нэгдсэн УАШТ-д жүдо бөхийн холбоо нэмэгдэн оржээ. Тус корпорацын спорт хариуцсан захирал С.Жаргалтай бид цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Энэ жилийн нэгдсэн УАШТ-ий онцлог нь юу вэ?
-Сайн байна уу. Уламжлал ёсоор холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сардаа зохион байгуулдаг. Үүний дагуу энэ жил нэгдүгээр сарын 10-19-ний хооронд нийт 15 төрлөөр зургаан объектод буюу спортын байгууламжид энэхүү арга хэмжээг зохион байгуулна.
Энэ жилийн хамгийн том онцлог нь Монголын жүдо бөхийн холбоо бидэнтэй нэгдэн, дотоодын тэмцээний салхийг хагалж байгаа.
Жүдо бөхийн УАШТ энэ сарын 11-нд бөхийн өргөөнд эхэлнэ
-Жүдо бөхийн УАШТ-ий өрсөлдөөнүүд маш ширүүн өрнөх байх. Үүнтэй зэрэгцээд өөр төрлийн тэмцээнүүд болох уу?
-Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд 10-11-ний өдөр буюу гурван өдөр болно. Мөн эдгээр өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд жюү жицү, бүжгийн спортын холбоод тэмцээнээ хийнэ.
-Танай корпорацын хувьд нэгдсэн УАШТ-ийг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?
-Монголын спортын корпорациас холбоодын нэгдсэн УАШТ-ийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Бид илүү туршлагажиж байна.
Ерөнхийдөө энэ жилийн онцлог гэвэл өмнөх жилийнхээ алдаагаа дүгнээд цаашдаа аль болох Монголдоо бага олимп буюу монголын хамгийн том олимп гэдэг нэршлийг оруулаад, Олон улсын дүрэм журам ямар байдаг. Тэмцээний бүртгэл, зохион байгуулалт, шууд дамжуулалт, маркетинг брэндинг гээд аль болох цогцоор нь энэхүү олон төрөлт тэмцээнээ амжилттайгаар зохион байгуулахыг бид нар зорьж байгаа.
Энэ жил ч гэсэн оролцож буй холбоод болон тамирчдын чансаа маань арай өөр байгаа. Яагаад вэ гэхээр энэ жилийн нэг том зорилго маань аль болох түлхүү элит тамирчдыг оролцуулахыг зорьж байна.
-Олон улсад спортын тэмцээн уралдаан үзэгч, фанат, хөгжөөн дэмжигчдээ уяж, хослуулан хөгжлөө ахиулж явдаг. Энэ асуудал дээр танай зүгээс ямар зорилгыг баримталж байна вэ?
-Үзэгчтэй холбоотойгоор аль болох олон үзэгчид, олон насны үзье гэсэн хүмүүстээ хүртээмжтэй байх талаар олон газар хийж байгаа. Дээрээс нь бас нэг авууштай зүйл гэвэл худалдаж авсан нэг тасалбараар бүх төрлийн тэмцээнийг үзэх боломжтой байгаа. Тодруулбал, эхний өдөр жүдогоо үзсэн бол дараагийн өдөр жюү жицүгээ үзэх, дараагийн өдөр мөсөн авиралт үзье гэвэл нэг удаа төлсөн төлбөрийн билетээр бүх төрлийг үзэх боломж нээлттэй бий.
Ярилцсанд баярлалаа.