Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Америкийн сэтгүүлч Лекс Фридманд өгсөн ярилцлагадаа, АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампт ОХУ-ын хөрөнгөөс 300 тэрбум америк долларыг Украинд зэвсэг худалдан авахад нь ашиглахыг санал болгосон тухай дурджээ.
Зеленский хэлэхдээ “Би Доналд Трампт Оросын хөрөнгөөс 300 тэрбум америк долларыг бидэнд өг. Бид түүгээр танайхаас зэвсэг худалдан авч, танай үйлдвэрлэлд хөрөнгө оруулъя гэж хэлсэн. Энэ нь аюулгүй байдлын баталгаа мөн биз дээ, мэдээж тийм. Учир нь энэ бол цэргийн баталгаа” хэмээжээ.
Өмнө нь, Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо Брюссельд болсон хэлэлцээрийн үеэр Зеленский түүнд “Оросын хөрөнгөөс” 500 сая Еврог Украин НАТО-д элсэхийг дэмжихийн тулд өгөхийг санал болгосон тухай мэдээлсэн. Энэ нь Словакыг Украиныг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрүүлэх зорилготой санаа байсан. “Өөр Украин” хөдөлгөөний зөвлөлийн дарга Виктор Медведчук Зеленскийг Словакийн Ерөнхий сайд Фицог хахуульдахыг оролдсон хэмээн үзэж, Бельгийн прокурорын газарт хандан авлигын гэмт хэрэг зүйлээр ийн Зеленскийг хариуцлагад татуулах хүсэлт гаргасан. 2024 оны арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордонд Словак улсын Ерөнхий сайд Робот Фицог хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Роберт Фицо хэлэхдээ, түүний Москва дахь айлчлал нь Украины Ерөнхийлөгч Зеленскийгийн Украинаар дамжин өнгөрөх хий тээвэрлэх аливаа хэлцлийг эсэргүүцэж буй тухай мэдэгдэлд хариу болгон зохион байгуулсан хэмээн онцолсон. Эл уулзалтад Зеленский мэдэгдэхүйц түгшүүртэй бас эсэргүүцэлтэй хандаж, Словакын Ерөнхий сайдыг өөрийг нь үндэслэлгүй буруутгасан хэмээсэн.
Харин өмнө нь, Киевийн зүгээс Украиныг НАТО-д элсүүлэхэд Братиславыг дэмжүүлэхийн тулд Оросын царцаагдсан хөрөнгөөс санхүүжилт олгох амлалт өгч, тохиролцохыг хичээж байсан билээ. Украины Хууль Зүйн Яамны мэдээлснээр, тус улс 2.5 тэрбум гривен буюу 59.4 сая америк доллартай тэнцэхүйц хэмжээний Оросын хөрөнгийг улсын төсөвт шилжүүлжээ. 2022 оны наймдугаар сард Украины Засгийн газар Зеленскийгийн Украины нутаг дэвсгэр дээрх Оросын эд хөрөнгө, активыг хураах тушаалыг баталсан. Орос, Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо болон “Их долоо” (G7)-гийн орнууд ОХУ-ын валютын нөөцийн бараг тэн хагасыг, ойролцоогоор 300 тэрбум Еврог царцаагаад байгаа аж. Үүнээс 200 тэрбум гаруй Евро нь Европын Холбоонд, голчлон Бельгийн “Euroclear” хэмээх Дэлхийн хамгийн том төлбөр тооцоо, клирингийн системийн дансуудад хадгалагдаж байна. ОХУ-ын Гадаад Хэргийн Яам Европ дахь Оросын хөрөнгийг царцаах ажиллагааг олон удаа “хулгай” гэж буруутгасан ирсэн. Европын Холбоо зөвхөн хувийн хөрөнгө төдийгүй Оросын төсвийн хөрөнгүүдийг ч онилж байгааг эрс шүүмжилж байна. ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Москва барууныхны царцаасан хөрөнгийг хураах явдалд хариу арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан. Түүний хэлснээр, ОХУ мөн адил барууны орнуудын Орост байршуулсан хөрөнгийг буцаан өгөхгүй байх боломжтой хэмээсэн. Энэхүү нөхцөл байдал ОХУ болон Украины хоорондох харилцааг улам хурцатгаж, олон улсын анхаарлын төвд байсаар байна.