АНУ-ын төв болон зүүн хэсгийн хэд хэдэн мужид хүчтэй цасан шуурга болж, олон арван сая америкчуудад аюул учруулж байна хэмээн “CNN” суваг мэдээлэв.
“62 сая хүн энэ улирлын хамгийн хүчтэй өвлийн шуурганы аюулд өртөөд байна. Энэ шуурга нь их тал хээрээс Зүүн эрэг хүртэл, өвлийн цаг агаартай байдаггүй бүс нутгуудыг ч хамарч, аюултай нөхцөл байдал үүсгэх болно” хэмээн мэдээлэлд дурджээ.
Мэдээлснээр, хүйтэн агаарын урсгал нь цас, мөс, жаврыг авчирч, секундэд 18 метр секунд хүртэл хүчтэй салхийг хамгийн багадаа 12 мужид авчрах аж.
Дулаан бүс нутагт аянга цахилгаантай шуурга, бороо орох магадлалтай байна. Шуурга даваа гарагт зүүн эргийн томоохон хотуудад хүрэх төлөвтэй.
“CNN” агентлагийн мэдээлснээр, цасан шуурганы улмаас тог цахилгаан тасрах нь зарим америкчуудын хувьд ноцтой үр дагавартай байж болзошгүй. Цахилгаан сүлжээний засварын багууд замын халтиргаанаас болж эвдэрсэн хэсэгт хүрч чадахгүй байх эрсдэлтэй.
Мөн, иргэд цахилгаан халаалтгүй үлдэж магадгүй бөгөөд мягмар гарагт АНУ-ын зүүн хэсэгт агаарын температур хэвийн хэмжээнээс даруй 30 градусаар буурах төлөвтэй байна гэж мэдээлэлд онцолжээ.