Хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлдөг хоол хүнс ба өсөлтийг зогсоодог зүйлсийн талаар Хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа.
-Хүүхдийн өсөлтийг зогсоодог хоол хүнс гэж байх уу?
–51 кг-тай хүүхдийг 50 кг-д барилдуулъя. 50 кг-тай хүүхдийг бүр 45 кг-д барилдуулъя. Яаж жинг нь хасах уу гээд эцэг, эхчүүд ороод ирдэг л дээ. Таны хүүхэд 18 нас хүрээгүй л бол бодисын солилцоо нь бүрэн явагдаж дуусаагүй байгаа. Ийм үед нь жинг нь хасуулбал өсөлт нь зогсоно. Хүүхэд жин хасаад алдаж байгаа шим тэжээлээ амьдралынхаа аль ч мөчид буцааж нөхөж авч чаддаггүй.
Мөн томчууд гурил, будаа идэхгүй бол эрүүл амьдарчих юм шиг. Түүнийгээ эрүүл хооллоод байгаа юм шигээр ойлгодог. Хэрэв та хүүхдийнхээ гурил, будааг хасвал өсөлт нь шууд зогсоно. Мөн цагаан хоолтнууд байна. Мах, өндөг гээд уураглаг, хүнсний бүтээгдэхүүнийг идүүлэхгүй байх нь хүүхдийн өсөлтөд шууд сөргөөр нөлөөлдөг.
-Тэгвэл хүүхдийн өсөлтийг дэмждэг хоол хүнс зөвлөөч?
-Хүүхэд 12 наснаас эхлэн огцом өсдөг. Өсөлтөд гурван зүйл нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
Нэгдүгээрт нойр. Өсөж болох потенциалаас нь илүү өндөр болгомоор байвал орой 22.00 гэхэд танай хүүхэд унтчихсан байх ёстой.
Хоёрдугаарт сүү. Өдөр болгон нэг аяга сүү уудаг хүүхдүүд, уудаггүй хүүхдүүдтэй харьцуулахад 10 см өндөр байна гэсэн БНСУ болон БНХАУ-д хийсэн судалгаанууд байдаг. Тийм болохоор хүүхэд чинь өдөр болгон нэг аяга сүү уух нь өсөлтийг маш сайн дэмжиж өгдөг.
Гуравдугаарт сунгалтын дасгал. Өөр ямар ч нууц байхгүй.