Шинэ он гараад удалгүй спортын холбоодын УАШТ эхэлдэг. Дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчид оролцож, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг шалгаж сорьсны үр дүнд хэн нь гадагшаа томоохон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөх вэ? гэдэг нь тодорхой болдог. Иймээс л жил жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөөн улам чангарч, ширүүхэн өрнөдөг. 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн жүдо бөхийн төрлөөр эхлэхнээ.
Монголын Жүдо бөхийн холбооноос улсын аварга шалгаруулах тэмцээнээ нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ өдрүүдэд үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хангаж байна. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн үеэр зорин очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Жүдо бөхийн үндэсний шигшээ багт өдгөө 37 тамирчин, 6 дасгалжуулагч буюу нэг ахлах, таван туслах дасгалжуулагч ажиллаж байна.
Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1990-ээд оны үеийн Монголын 60 кг-ийн шилдэг жүдочдын нэг У.Эрдэнэбаатар 2024 оны 10-р сард томилогдож ажиллаж эхэлсэн билээ.
МУГТ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа
2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 10-12-нд бөхийн өргөөнд болох гэж байна. Энэ тэмцээнээр гадаад болон дотоодын өрсөлдөөнд явах хүүхдүүдээ сонгон шалгаруулна.
Улсын аваргаар Япон улсад суралцдаг жүдочид маань ирж оролцоно гэсэн мэдээлэлтэй байгаа. Тэр хүүхдүүд маань ирж ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх байх гэж бодож байна.
Манай шигшээ багийн хувьд эхний улирлын төлөвлөгөө гэхээр гадагшаа тэмцээнд ерөнхийдөө явахгүй байх төлөвлөгөөтэй байгаа. Дотооддоо яг үндсэн суурь бэлтгэлээ сайн хийж аваад 3 дугаар сарын сүүлээр Гүрж, Турк руу хоёр тэмцээнд дарааллаад явна. Яг үндсэн баг ийм хуваарьтай байгаа. Парисын “Их дуулга”-д зургаан тамирчин оролцоно. Гурван эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин нэгдүгээр сарын 28-нд Францыг зорин тус тэмцээнд өрсөлдөх юм.
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр
Бэлтгэл дажгүй, ер нь формтой сайн байгаа. Сая нэг хэсэг 73 кг-ийн жинд барилдаж байгаад, одоо буцаад үндсэн жиндээ буюу 66 кг-ийн жиндээ орно. Ер нь энэ жинд жилийн жилд л өмнөх ах нарын үед ч ширүүн өрсөлдөөнтэй байсан. Энэ жил шинэ залуу тамирчид гарч ирж байгаа. Ер нь улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй болох байх.
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам
Миний хувьд бэлтгэл сургуулилт, форм сайн байгаа. Ер нь тэмцээн уралдаанд аль болох олон оролцсон. Үүний үр дүнд бэлтгэл сайтай байгаа. Одоо улсын аваргынхаа бэлтгэлийг хангаад, бэлтгэл жигдрээд явж байна. Улсын аваргад дотооддоо сайн байж, гадагшаа тэмцээнд сайн үздэг. Тийм учраас манайхан бэлтгэлтэй байгаа. Бүгдээрээ л тус тусынхаа жинд маш их өрсөлдөөнтэй болно. Миний хувьд 2024 он маш завгүй байсан. Абу Дабигийн Их дуулга, Армийн дэлхийн аварга, Токио гранд слам, дотоодын тэмцээн, тэгээд Москвагийн тэмцээнд оролцоод ирсэн. Тийм учраас бэлтгэл сургуулилт сайн байгаа.