Өмнөд Солонгосын шүүхээс огцорсон Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цэргийн дэглэм зарласан, төрийн эргэлт хийхийг завдсан гэх хэргээр баривчлах зөвшөөрөл олгох мөрдөн байцаагчдын хүсэлтийг хүлээн авсан талаар “Ёнхап” агентлаг мэдээллээ.
“Сөүл хотын Баруун дүүргийн шүүхээс Юн Сок Ёлийг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлаж, төрийн эргэлт хийхээр завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлах зөвшөөрөл олголоо” хэмээн мэдээлэлд дурджээ.
Мөрдөн байцаалтын хамтарсан баг шүүхэд Юн Сок Ёлийг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан байна. Тус баг Юн Сок Ёлийг байцаалтад ирэхийг шаардаж, 3 ч удаа зарлан дуудах хуудас илгээсэн ч Юн Сок Ёл мэдэгдлийг үл ойшоон очоогүй аж. Тиймээс, мөрдөн байцаалтын баг ийнхүү шүүхэд ханджээ.
Тус улсын Парламент Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг улс төрийн өрсөлдөгчдөө дарамтлах зорилгоор цэргийн онц байдал тогтоох оролдлогын дараа түүнийг албан тушаалаас нь огцруулсан билээ. Энэ шийдвэрийн дараа улс орон даяар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Парламент цэргийн дэглэмийг хүчингүй болгох талаар яаралтай хуралдаж, санал хураалт явуулсан.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Хан Док Су томилогдсон ч удалгүй Парламент түүнийг мөн огцруулж, албан тушаалыг нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Сангийн сайд Чве Сан Мокод шилжүүлээд байгаа билээ. Чве Сан Мок улс оронд дахин тогтвортой байдлыг сэргээн ажиллахаа бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож буйгаа мэдэгдсэн.
Мөн, Өмнөд Солонгост цэргийн онц байдал зарлахад холбоотой байж болзошгүй зарим өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. Тухайлбал, Батлан Хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Батлан Хамгаалах Яамны харъяа Тагнуулын Газрын дарга асан болон одоогийн дарга нар болох Мүн Сан Хо, Но Сан Вон нарыг баривчлан саатуулаад байгаа аж.
Эх сурвалж: Yonhap