Ц.Отгонбаяр багшийг бид “Цээж нүцгэн зохиолын дуучин” гэдгээр нь хэдийнээ мэднэ. Тэрээр фитнес төв ажиллуулдаг бөгөөд мөн 2025 онд хэд хэдэн шинэ уран бүтээл цацахаар төлөвлөжээ.
-Юуны өмнө манай үзэгч, уншигчдад маань өөрийгөө товчхон танилцуулаач?
Сайн байцгаана уу Намайг Ц.Отгонбаяр гэдэг. Дуучин, фитнес дасгалжуулагч мэргэжилтэй.
-Анх удаа цээж нүцгэн зохиолын дуу дуулсан дуучин гэж явдаг тийм үү? Тэр дуунаасаа хойш хэчнээн уран бүтээл гаргав?
“Жаргана аа” дуунаасаа хойш 3, 4 дуу гаргасан юм уу даа. Хүмүүс гадарлах нь гадарлаж л байгаа байх цээжээ гаргаад дуу дуулж байсан. Тиймэрхүү зүйл бол урлагийн хүний хувьд харагдах байдлаар арилжааны дуу болоод явчхаж байгаа юм. Хүнд танигдаад, нүдэнд нь өртье гэсэн санаа шүү дээ. Одоо 2025 ондоо чанартай, мэргэжлийн уран бүтээлүүд хийж цацах болно. 2025 оны нэг сараас цацахаар бэлдчихсэн л байж байна. Pepsi алтан цомын холимог оддод барилдаад араас фитнесийн тэмцээнд орох гэж дөрвөн сарын хугацаанд шаргуу бэлтгэл хийгээд уран бүтээл хийж огт амжаагүй. Одоо л яг уран бүтээлээ хийгээд явж байна даа.
2024 ОН ЭХЛЭХЭД БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН 80 ХУВЬ НЬ ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭСЭН ХЭВЭЭР БАЙНА
-Өөрөө хэд дэх жилдээ фитнесээр хичээллэж байна?
-Одоо бараг 10 жил болчихсон доо. Анх оюутан болоод л фитнес заал руу орж ирж байсан. Тэрнээс хойш тасралтгүй хичээллэсэн. Фитнес дасгалжуулагч болоод фитнес клуб нээж ажиллуулаад сүүлийн 10 жил энэ спорттой үргэлж холбоотой амьдарч байна даа.
-Та ярилцлага эхлэхээс өмнө залуус гэлтгүй ахмад настнууд фитнесээр тууштай сайн хичээллэдэг болсон талаар ярвж байсан?
-Цагаан сараар ахмадууд маань яг гар эсгэх гэж байгаа юм шиг гоё шинэ мөнгөө бартад ороод ирдэг. “Заа ёстой хүүхдүүдийнхээ барьж золгосон мөнгөөр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ ээ” гээд л. Эмээ өвөө нар маань ийм гоё мэдээлэлтэй ойрхон болчихсон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд ямар их ач холбогдолтой вэ гэдгийг ойлгодог болчхоод цагаан сарынхаа бэлгэнд цугласан мөнгөө бариад орж ирж байна гэхээр сайхан санагддаг.
-2024 он эхлэхэд бүртгүүлж байсан хүмүүсээс яг 2024 он дуусахад хэдэн хувь нь тунаж үлдсэн байдаг юм бол?
-Хүн болгон фитнест ямар нэг байдлаар бүртгүүлдэг. Магадгүй өөрөө ч гэсэн бүртгүүлээд явж амжилгүй орхисон тохиолдол байгаа байх. Энэ жилийн хувьд хараад байхад хүмүүс их тууштай болчхож үнэхээр ажил нь болохгүй бол хэсэг завсарлаад эргээд ирдэг ч юм уу. Ингээд үзэхээр нийт бүртгүүлсэн хүмүүсийн 80 хувь нь ямар нэг байдлаар ирж дасгал хөдөлгөөн хийдэг. Хүн болгон булчинтай байх албагүй, хүн болгон гоё биетэй байх албагүй. Магадгүй та турах зорилгоор биш хөдөлгөөнтэй байя гэдэг зорилгоор фитнест явж болно шүү дээ. Та магадгүй нэг, хоёр жил яваад нэг килограмм ч хасахгүй байсан хамаагүй. Дөрвөн мөчөө хөдөлгөөд хөдөлгөөнтэй байна аа л гэдэг чинь эрүүл хэвшил болчхож байгаа байхгүй юу. Бүгдэд нь амжилт, аз жаргал хүсье, 2025 ондоо эрүүл энх түвшин сайхан байхыг ерөөе.