12-р сарын 31, 1-р сарын 1 зэрэг баярын өдрүүдэд өвчлөл, осол, гэмт хэрэг, зөрчил нэмэгддэг талаар эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагынхан сэрэмжлүүлж байна.
Б.Сайзмаа ЧДНЭ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга
БАЯРЫН ӨДРҮҮДЭД АРХИНЫ ХОРДЛОГО, ХООЛНЫ ХОРДЛОГОД ОРСОН ХҮМҮҮС ИХ ИРДЭГ
-Эмнэлгийн байгууллагууд маань уртасгасан цагаар ажиллаж байна. Баярын өдрүүдэд хүүхдийн ч тэр, том хүний ч тэр өвчлөл нэмэгддэг. Ямар дуудлага мэдээллүүд эмнэлгийн байгууллагад түлхүү ирж байна вэ?
-Хүүхэд болон насанд хүрэгчдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт амьсгалын замын томуу, томуу төст өвчний өвчлөл, халуурсан, ханиалгасан, хоолой бачуурсан шинж тэмдэгтэй өвчтөнүүд их ирж байна. Мөн 12-р сарын 20-ноос хойш байгууллагуудын шинэ жилтэй холбоотойгоор архины хордлогууд, осголтын байдалтай орж ирэх тохиодол ихсэж байна. Хоол ундны хувьд ч бас манайхан баярын өдрүүдээр хугацаа нь дууссан торт, салат их хэрэглэдэгтэй холбоотойгоор ходоод гэдэсний хямралууд, нойр булчирхайн цочмог үрэвсэл сэдрэх тохиолдол их байна. Урд онуудаас харахад 12-р сарын 31, 1-р сарын 1-ний өдрүүдийн дуудлага буурахгүй улам өссөөр байна.
-1-р сарын 1 бүх нийтийн амралтын өдөр дүүргийн эмнэлгийн тухайд ямар хуваариар ажиллах вэ?
-Дүүргийн эмнэлгүүдийн хувьд Эрүүл мэндийн төвийн даргын тушаал гарсан. Нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар насанд хүрэгчид болон хүүхдийн яаралтай, эрчимт эмчилгээ, хэвтүүлэх тусламж үйлчилгээ, салбар амбулатори дээр гэмтэл, мэс засал, хүүхдийн кабинетын эмч нар, шүдний эмч нар уртасгасан цагаар ажиллана. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тухайд томуу томуу төст өвчний үеийн сайдын тушаалтай холбоотойгоор 1-р сарын 1-ний өдөр 10-15 цаг хүртэл ажиллах хуваарь гарсан.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат
САЛЮТ БОЛОН БЕНГАЛЫН ГАЛ АШИГЛАЧХААД ОЧТОЙ БАЙХАД НЬ ХАЯСНААС ҮҮДЭН ГАЛ АЛДАЖ БАЙНА
-Баярын өдрүүдэд ямар төрлийн дуудлага мэдээлэл их ирдэг вэ? Үүнээс гадна яг 12-р сарын 31, 1-р сарын 1-ний өдрүүд дуудлага мэдээллийн тоо нэмэгддэг үү?
-Он солигдох мөчид иргэд маань салют буудуулах, бенгалийн гал ашиглахдаа маш сонор сэрэмжтэй, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмж , тусгай зөвшөөрөлтэй компаниудын стандартын дагуу хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Баяр амралтын өдрүүдээр магадгүй гэр бүлээрээ салхинд гарах, хөдөө орон нутаг зорих тохиолдолд гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг маш сайн шалгаж, салгах шаардлагатай. Мөн голын мөс цөмрөх, цасан шуурганд төөрөх дуудлага нэмэгддэг учраас иргэд маань хол ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээг маш сайн харж байж эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Л.Бат-Оргил
НАР ХАРАХААР ЯВАХДАА ЦАГ АГААР БОЛОН МАШИН ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛАА ХЯНААРАЙ
Нэгдүгээр сарын 1-нд иргэд маань нар харна гээд хөдөө гардаг. Энэ өдөр өнгөрөгч жилүүдээс гурван хэмээр хүйтэн байна гэсэн баярын өдрүүдийн цаг агаарын мэдээ гарсан. Тэгэхээр та бүхэн хөдөө гадаа явах тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаад цаг агаарынхаа мэдээг сайн харсны үндсэн дээр хол замд гараарай. Цагдаагийн байгууллагууд баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд ажиллаж байгаа. Энэ өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хөлдөх осгох тохиолдол их гарч байна. Мөн баталгаагүй газраас, цахим хуудсаар салют авч буудуулсны улмаас хуруу гаргүй болох тохиолдол бүртгэгддэг. Үүнээс гадна гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гал гарч хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.