Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голохгүй хийвэл өөдлөн дэвжих амьдрал эндээс л бий болно. Залуу хүн завгүй байх тусмаа сайхаан гэж бид ярьцгаадаг. Нээрээ л хөдөлмөрлөж явахад амжилт, бүтээл өөрөө дагаад л шагнал болон ирдэг. Хамгийн гол нь ирээдүйгээ харсан зорилготой, түүндээ хүрэхээр тэмүүлж бага багаар урагшлан хөдөлмөрлөх нь чухал.
Анхлан өөрийнхөө жолооддог байсан автомашиндаа суудлын бүрээс гараараа урласан Болдбаатарын Тэмүүжин хэмээх залуу. Аав, ээж нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байсан нь бодитоор нөлөөлсөн гэдэг.
Тэрээр анхны ажлаасаа өөртөө илүү урам зориг, итгэлийг авч үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүч үзэхээр зориг шулууджээ. Харин нөгөө талд мөн л жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа оёдлын салбарт хүч үзэхээр эрс тэс шийдэн, өөрийн гараар бүтээлээ урлаж эхэлсэн Баярсайханы Золбаяр.
Эдгээр залуус эхэн үедээ яг энэ л салбартаа “өрсөлдөгчид” байж. Харин өдгөө салбартаа нэгдэн гар нийлэн ажиллаж, нөхөрлөлөөр дамжуулан дутуугаа гүйцээж, нэгнээ нөхөн үйлдвэрлэлийн салбарт сэтгэлээр урлан, ухаанаар дэвжиж яваа. Автомашины салоны чимэглэл, тоноглолыг зөвхөн суудлын даавуун бүрээсээр төсөөлдөг байсан цаг үе хэдийнээ ард хоцорчээ.
Шинэ өнгө төрх, гүйцэтгэлийг бодитоор харуулан, автомашины салоныг бүрэн утгаар нь тоноглож, амжилттай хөдөлмөрлөж яваа Б.Тэмүүжин, Б.Золбаяр нартай бид уулзан цөөн хором ярилцлаа.
Автомашины салоны тоноглол, ажлын гүйцэтгэлийг орчин үеийн шинэ түвшинд гаргаж ирэв
“Vibe 5809” авто салоны үүсгэн байгуулагч Б.Тэмүүжин
Суудлын бүрээс, автомашины доторлогоо, интерьер хийж эхэлсэн. Түүнээс хойш 6-7 жил өнгөрсөн байна. Хувиараа хөдөлмөр эрхлэхийн давуу тал нь өөрөө юм хийж байгаа учраас үүндээ илүү их шамдамтгай, зүтгэлтэй л хөдөлмөрлөж явна даа.
Манай найзыг Баярсайханы Золбаяр гэдэг. Тэгээд бид хоёр тус тусдаа юм хийдэг байж байгаад, хоорондоо өрсөлдөгч байсан гэсэн үг.
Яг адилхан салбарт ажиллаж байгаад, ер нь нийлээд ажиллавал яасан юм бэ гээд 2020 оноос хойш хамтдаа явж байгаа. Энэ авто салоныг хамтдаа байгуулсан л гэсэн үг. Түүнээс хойш хийж чадах, чадах юмаа барьж аваад тэгээд нийлүүлээд нэг цогц юм болгоё гэсэн зорилготой л өдий хүртэл явж байна даа.
Суудлын бүрээсний газар гэхээр хүний толгойд даавуун бүрээс, анх гарч ирсэн яг тэрүүгээрээ төсөөлөгдөөд байдаг. Манайх болохоор ер нь нэг цогцоор нь хүнд илүү яг хүссэн зүйлийг нь цэвэр, цэмцгэр, мэдрэмжтэй нь хамт өгөхийг хичээдэг, бас хүсдэг.
Тэрүүгээрээ л арай өөр юмуу. Таз, шал, руль, салон, хянах, тээш бүгдийг нь хийдэг учраас манайд ороод ирчихсэн байхад үйлчлүүлэгч санаагаа ярилцаад, хүн өөрийнхөө хүссэн загварыг, өөрийнхөө хүссэн байх дуртай орчингоо бүрдүүлж л чадна гэсэн үг.
Хоёулаа эсгүүр хийнэ, хоёулаа оёно, автомашины руль, деталь бүгдийг нь хоёулаа л хийдэг.
Оёдол, гар урлал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллах боломжтой учраас тэднийг ажлын байраар хангахаар зорин, үйлдвэрийнхээ дотоод бүтцийг тэдэнд зориулан шийдэж өгч байгаа
Манайх зөвхөн суудлын бүрээсэнд зориулагдсан напа брэндийн утсаар оёдог. Үүний эрчлээс эд нар нь өөр байдаг болохоор одоо энэ бүрээсэн дээр орж ирээд, харагдах байдал нь шамралт нь бага байдаг. Зориулагдсан ийм чанга эрчлээстэй байдаг.
Сэтгэл ханамжтай байлгах гэж хичээдэг. Хүн өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө битгий чанаргүй зүйл худалдаж аваасай. Сэтгэл ханамжгүй, өө энэ нэг юмыг шал дэмий авчихлаа гэсэн онцгүй мэдрэмж байдаг шүү дээ.
Тийм зүйл битгий байгаасай гэж л боддог. Битгий таны зовж олсон мөнгө үнэгүйдээсэй гэж хүсдэг. Яг тэр сэтгэлээрээ л хийдэг.
Дунд нь суралцаад явж байгаа болохоор алдах зүйлүүд байдаг. Зарим машин дээр жаахан алдаа гардаг. Гэхдээ тэрийгээ ахиж давтахгүйг хичээгээд, өөрчлөөд өөрчлөөд явчихдаг.
Эрэгтэй хүн деталь буюу нэг ажилдаа төвлөрөөд ажиллахад үүндээ бүр орж чаддаг. Эмэгтэй хүн олон талаас нь боддог. Эрэгтэй хүн нэг зүйлээ хараад л илүү их нарийн хийхийг хичээдэг байх. Тэгээд суудлын бүрээсэн дээр эрэгтэй хүн байх нь илүү давуу талтай. Бага зэрэг хүчний ажил ордог болохоор, суудал өргөж, гаргана. Тэгээд эрэг боолт, шурагтай нь угсарна, задална гэх мэт ажлууд дээрээ давуу талтай байдаг.
Үйлдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажлын байраар хангана
Гоё сайхан зүйл зөндөө байдаг. Өөрсдөө юм хийж бүтээгээд явж байна. Тэгээд сая ингээд том үйлдвэр барьчихлаа. Эндээ одоо ажлын байр нэмэгдүүлэх гээд явж байна. Жаахан ч гэсэн хүмүүст нэмэр болох юм болов уу. Оёдлын цех, гар урлалын ажил дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжтой байдаг. Боломж байвал тийм хүмүүсээ ажилд аваад дэмжихийг хүсдэг дээ.
“Vibe 5809” авто салоны дизайнер Б.Золбаяр
Гэр бүлээсээ илүү бид хоёр хамгийн их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж байна. Орой гэртээ очоод унтчихаад л, өдөрт бүх юмаа ярилцана, зөвхөн ажил ярихгүй, амьдрал яаж байна, ийж байна, цаашид яахуу гээд л бүх л зүйлээ ярилцдаг. Ер нь “нэг амьтай” л болж байгаа гэсэн үг.
Өмнө нь нэг хүн бие дааж хийх, хамтраад нэг салбарт байсан хүмүүс, бие биенийхээ алдааг маш сайн харна. Маш сайн бие биенийхээ шүүмжийг сонсоно. Одоо би ганцаараа байхдаа алдааг би ерөөсөө тэр бүр олж хардаггүй байсан бол Тэмүүжинтэй нийлсэний дараа маш их алдаа гарч, дараа нь тэр алдаагаа засварлах, бие биендээ дэм өгөх, тэгэж байж дараагийн бүтээл маань илүү чанартай, гоё гарна гэсэн үг.
Томоос илүү хамгийн их цаг авдаг зүйлүүд тэр деталиуд байдаг. Үүн дээр бүх ажиллагаа орж байгаа. Зөвхөн оёод гаргах бус зөвхөн эсгүүр хийх биш, тэрэн дээр чинь оёно, наана, эсгүүр хийнэ. Маш олон зүйл хийгддэг болохоор тийм чимхлүүр ажил, товчхон хэлбэл “тоншиж” хийнэ гэсэн үг бүр.
Бүтээгдэхүүнийхээ чимхлүүр ажил, деталь бүрийг нарийн, нямбай “тоншиж” урладаг
За ашгүй, хоёулаа тэр хүнээс тэдэн төгрөг авах гэж байна даа. Мөнгөтэй боллоо доо гэсэн сэтгэл байхгүй. Хамгийн хэцүү зүйл чинь тэр байдаг байхгүй юу. Хийж дуусгаад, хийсний дараа тэр хүнд таалагдах. Тэр хүртэл бид хоёр түгшиж байдаг. За энэ хүний сэтгэлд хүрэх болов уу, яах бол? Хүрч ирэхэд нь таалагдах болов уу гээд л бодно.
Тэгээд л тэр хүн үүдээр орж ирээд л машиныхаа хаалгыг татаж үзээд л яг гаргаж байгаа сэтгэл хөдлөл,
Гоё байнаа, ёстой гоё гээд л хэлэхэд харцнаас нь угаасаа мэдэгддэг. Тэгэнгүүт бид хоёр чинь яг чимээгүй өөд өөдөөс хараад л ямар ч байсан сэтгэлд нь хүргэсэн байна гэж ойлгодог. Энэ мэдрэмж унтрааж биш бүр асааж, бүр үгээр илэрхийлэхэд их хэцүү. Тэр мэдрэмж үнэхээр гоё тулчихсан мэдрэмж. Үүндээ тэгээд хөөрчихдөг.
Үйлчлүүлэгчийн захиалсан бүтээгдэхүүн сэтгэлд нь яв цав нийцсэнийг
харах тэр мэдрэмж үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй гоё
Ажлын байр гэдэг зүйлийг бид хоёр өөрсдөө мэдэрчихсэн болохоор яг өөрсдөө тав тух, тав тухтай орчинд хүн ажлыг илүү үр бүтээмжтэй гоё хийдэг гэдгийг харсан. Эргээд энд ажилтнууд бүрдүүлнэ, баг бүрдүүлнэ. Тийм болохоор яг тэр багтаа гоё орчныг нь бүрдүүлж өгөхдөө хайнга хандаж болохгүй.
Үйлчлүүлэгчээ бодно. Эргээд энд тухтай ажиллах хүн байх хэрэгтэй. Тэр хүн ядаж дулаахан, ямар нэгэн харшлах зүйлгүй, тав тухгүй зүйл байлгахгүйг хичээсэн.
Ярилцсанд баярлалаа. Шинэ оны мэндийг дэвшүүлээд, ажил үйлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.