Үзэгч, уншигчдадаа айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Хөрөг нэвтрүүлгийн маань 2024 оны хамгийн отгон дугаар болох шинэ жилийн баярын дугаартаа МУГЖ Д.Баттөмөрийг урин оролцууллаа.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хуучин оноо үдэж байгаа энэ үед мэдээж 2024 оныхоо амжилт бүтээл, онцлох үйл явдлуудаа ярих нь зүйтэй байх?
-Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад туйлын баяртай байна. 2024 он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө. Уран бүтээлч хүн уран бүтээлээ л ярьж суух шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. “Трио” арт, драма кино маань энэ онд ч мөн олон улсын кино фестивалиудаас шагнал хүртсээр байлаа. Он гараад цагаан сарын босгон дээр Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Үүний дараагаар Youtube-ийн од, хүүхдүүдийн бурхан тэнгэр Gremix-тэйгээ хамтарч “Бараг л аймшгийн кино” гэдэг нэртэй инээдмийн киноны нээлтээ хийлээ. Мөн “Орфей” театрын бүтээл Үй Хуа-ийн зохиол “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийн гол дүрд тоглож олон зүйлийг амжуулсан сайхан жил байлаа.
-“Амьдрахуй” жүжиг тоглогдох үеэр таныг гол дүр бүтээсэн талаар олон нийтийн сүлжээнд санал, шүүмжлэл их өрнөсөн. Эмгэнэлт ийм жүжигт нөгөө л хошин шогийн “Банш” Батаа харагдаад байна гэж байсан хүмүүс ч байсан. Тэгэхээр танд энэ дүрийг бүтээхэд хэр хэцүү байв?
-Энэ зүйлд би сэтгэл зүйгээ бэлдчихсэн байсан учир “Ёстой хамаагүй шүү дээ. Харин ирээд үзэхэд нь дүнгээ тавиулъя” гэж бодож ажилласан учраас сэтгэл санаа тогтвортой, маш тайван энэ уран бүтээл дээр ажилласан. Ёстой нэг хүч шавхсан бүтээл байлаа. Гадаад төрх байдал дээрээ нэлээн их анхаарсан. Энэ жүжигтээ тоглохын тулд 40 хоногийн дотор 20 гаран килограмм жин хаялаа. Жүжигчин хүн тухайн дүрдээ зориулж асар богино хугацаанд таргалж турах шаардлагатай болдог гэдгийг “Амьдрахуй” жүжиг, “Трио” кинон дээрээ харуулж байна даа.
-Та “Трио” кинонд тоглохдоо хэдэн килограмм хүртэл жин нэмсэн бэ? Амьрахуй жүжигт тоглохдоо хэдэн килограмм болтлоо хасав?
– “Трио” кинондоо тоглоход 110 кг хүртэл жин нэмсэн. Амьдрахуй-д тоглоход 85 кг болж турсан.Одоо ахиад 10кг жин хасчихвал залуугийнхаа дүр төрх рүү дөхөж очих байх. Одоо ахиж таргалсан хүний дүрд тоглохгүй ээ. Жин хасна гэдэг бол үнэхээр хэцүү зүйл юм билээ.
-Таны гэр бүлийнхээ хүнтэй их адилхан царайтай, охидуудыг нь бас адилхан царайтай гэж ярьдаг шүү дээ?
-Тийм шүү. Хүн болгон тэгж хэлдэг. Сайхан шүү дээ. Ахынх нь ген тийм л хүчтэй юм байлгүй. Өөртэйгөө адилхан хүүхдүүдийг их л үйлдвэрлэж байна даа./инээв/
-Тантай ярилцаж эхлээд анзаарч суулаа. Та сайхан, сайхан шүү дээ гэх үгийг их хэлэх юм. Хэвшил болсон үг үү?
– Ахынх нь амны уншлага байгаа юм. Сэтгэлийн угийн тийм нэг уриа лоозон байна шүү дээ. Сайн уу, сайхан уу? Бүх зүйл сайхан биз дээ. Сайхан сайхан гээд л явж байна шүү дээ.
-Шинэ жил гэхээр танд хүүхэд насны ямар дурсамж санаанд тань тод үлдсэн байдаг вэ?
-Манайх Өвөрхангай аймгийн айл. Монгол гэртэй гэрийнхээ тоононоос ёолкны модоо зүүчихдэг. Бид нар эхээс арвуулаа би айлын хамгийн бага. Монгол гэрт бүгдээрээ тойрч суугаад гоё хоол хийж идээд, алимаа задлаад гэрээр дүүрэн алим мандарины үнэр үнэртээд л халуун ам бүлээрээ суудаг байсан нь тодоос тод санагдаж байна. Хүүхэд нас минь их л гоё халуун дулаан уур амьсгалтай байдаг байлаа. Одоо бол хаашаа ч болчихсон юм бэ дээ өрөө өрөөндөө ороод утсаа маажаад л. Би хүүхдүүдээ аль болох ийм байлгахгүйг хичээдэг. Гэртээ ирсэн бол утсаа оролдохгүй аав, ээж, эгч, дүүтэйгээ хамт цагийг өнгөрөөнө өө гээд л сануулдаг.
-Миний хүүхэд насны дурсамжид X-TҮЦ продакшны шинэ жилээр хийдэг “Өвлийн инээмсэглэл” их тод үлдсэн байдаг юм. Мөн л гэр бүлээрээ тойрч суугаад инээж хөхрөлдөн үздэг байсантай холбоотой болов уу?
– “Өвлийн инээмсэглэл”-ийг маань хүмүүс их үзэх дуртай гэж их хэлдэг юм. Олон жилийн өмнөх контентууд одоо ч сошиал дээр орчинд их үзэлттэй байдаг. Саяхан Онон ах, Аглуу ах, Одончимэг эгч нар маань “Өвлийн инээмсэглэл”-д тоглооч гэсэн санал тавиад хэсэгхэн үзэгдэл дээр нь тоглож өглөө. Үнэхээр сайхан санагдаж байлаа.
-Хамгийн сонирхолтой шинэ оноо гаргаж байсан үе хэзээ вэ? Таны санаанд хамгийн эхэнд орж ирж байгаа тэр үеийг дурсаач?
– Германд амьдарч байгаа Монголчуудынхаа шинэ жилийг хөтөлж өгөөд наашаа гарахад 12 сарын 31-ны өдрийн нислэг таарсан юм. Онгоцон дотор тавуулаа л байсан байх. Оросын цагаар, Монголын цагаар, Германы цагаар гээд л тэнгэр дээр он гаргаад л яваад байсан. Он гаргах болгондоо хөөрхөн оргилуун дарстай. Тэр жилээ бас бэлгэшээлтэй гадаадын олон улсаар аялж, амраад явсан. Сонирхолтой гэхээр тэр шинэ жил хамгийн эхэнд санаад орж байна.
-Цаг заваа гарган сайхан ярилцсан танд баярлалаа. Ирж буй ондоо илүү их амжилт бүтээлтэй, эрүүл саруул, жаргал дүүрэн байхыг ерөөе.
-Баярлалаа. Монгол түмний минь хувьд ирж буй 2025 он ажил үйлс нь өнгөлөн дээшилсэн, ар гэр нь аз жаргалаар дүүрч үр хүүхдийнх нь инээд хөөр цангинасан сайхан жил байх болтугай.Танай сайтын хамт олны цаашдын ажил үйлст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.