Өрөг.мн 2024 оны онцлох таван дүрийг танд танилцуулж байна.
БРОДЮР
Өвөл өнөөх мөнхийн сэдэв утаагаа, зун, намаржин л бродюр ярьцгаалаа. Тэр ч утгаараа 2024 оны онцлох дүрийн нэгээр боржин чулуун хашлагыг нэрлэж байна. Монголчууд тэр дундаа нийслэлчүүд бродюр гэдэг үгийг аав, ээж, амраг садныхаа нэр аятай сэтгэл дотроо дотночлон залсан ийм нэгэн он улиран өнгөрч байна.
Өвөл цас орохоор зам дээр цацдаг давс, бодисын нөлөөгөөр бетонон бродюр хурдан элэгдэж, дөрвөн жил тутам солих шаардлага гардаг. Харин байгалийн чулуун бродюрын насжилт 10 дахин өндөр. Дахин, дахин зардал гаргаж солиод байхгүйн тулд бетонон бродюрыг байгалийн чулуун бродюраар сольсон гэх. Одоо тэгэхээр нийслэлчүүд минь утаан дунд уусчихгүйхэн шиг бродюрынхаа чанарыг шалгахын төлөө амьд арзайж, мэнд мэлтийж байх юм шүү, хэдүүлээ.
БИТҮҮ ШӨЛ
Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой арваннэгдүгээр сарын 26- нд тохиосон. Энэ түүхэн өдөртэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагва баярын ширээний гол хоол битүү шөл байх нь зүйтэй гэдэг уриалга гаргаж, олон хүний уур эгдүүцлийг хүргээд амжсан.
Ер нь бол монголчууд бид чинь цагаан сараар бууз, наадмаар хуушуур, цас, бороотой өдөр банштай цай, хааяадаа цуйван сэгсрээд идчихдэг. Гэхдээ эд бүгд монголын үндэсний хоол биш. Төр идэх хоолыг маань бидэнд зааж өгөөд байгаадаа ч биш. Монголчууд бид уламжлалт зоогтой болох, түүнийгээ дэлхийд сурталчлан таниулах, үндэсний хоолоороо дамжуулж жуулчин татах гээд их өргөн цар хүрээтэй л агуулга яригдаж болох. Хэдий болтол жуулчин ирэхэд чанасан мах, хорхог хийж идүүлэх вэ дээ. Хоолны соёлоо хэр сайн бусдад таниулж чадна, тэр хэрээр монгол руу чиглэх мөнгөний урсгал нэмэгдэнэ ээ л гэсэн үг. Битүү шөлийг нь идэж үзэх гэж л Монголд ирлээ гээд нэг жуулчин яриад сууж байвал сайхан биз.
Н.ӨНӨРЦЭЦЭГ
Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг таван зүйл ангиар буруутгагдаж, 4.9 жилийн ял сонссон. Анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дахин шүүгдсэн боловч ялыг хэвээр үлдээсэн билээ. Одоо Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд хорих 407 дугаар ангид хоригдож байгаа юм.
Тэр хорих ангид. Гэхдээ ширээ сандал, түүнийг хүлээж байна уу гэлтэй. Редакцынх ханан дээр “Эрх чөлөө үнэтэй” гэсэн үг дурайна. Энэ түүний баривчлагдахынхаа өмнө бичсэн үг.
Ч.ГАНЖАВХЛАН
Ч.Ганжавхлан бол “Иш шидийн орон” төслөөрөө нийтэд танигдсан дүр. Энэ оны ч мөн онцлох нэгэн дүр байлаа. Нийслэлийн утаатай Ч.Ганжавхлан, салхи хоёр л тэмцэх шиг боллоо. “Амьсгалмаар байна” тайван жагсаалыг төв талбайд эхлүүлж, үр дүнд нь утааны сонсгол хийлгэхээр болов. Одоо хэдүүлээ сайн, муу, сайхан, муухайгаа яриад Монголыг биш, Ард түмнийг биш Утааг л ялмаар байна.
Н.УЧРАЛ
Өмнө нь хоёр ч удаа сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргээсээ нүүр буруулж, төвийн дүүрэгт ялалт байгуулах намын даалгавраа амжилттай биелүүлсэн хүн бол Ням-Осорын Учрал. Үүнийхээ шагналд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын даргын суудалд “заларсан”, Л.Оюун-Эрдэнийн гал тогооны хүн. Ганцхан УИХ-ын гишүүний суудлаар тогтохгүй Нийслэлийн сонгуульд багаа удирдан орж, чамгүй амжилт гаргасан нэгэн.
Тодруулан хэлбэл, Орон нутгийн сонгуульд “Учралын багт дүүрэн итгэж, дүүргээ өөрчилье” гэсэн лоозонтой оролцож, ДИТХ-д тав байсан намын суудлаа 12 хүн болгож чадсан юм.
Энэхүү мэдээний видео хувилбарыг үзэх бол та энд дарна уу.