Японы “Japan Airlines Corporation” (JAL) компанийн мэдээллийн системүүд өнөөдөр кибер халдлагад өртжээ. Тиймээс, тус компанийн ажилтнууд олон улсын болон дотоодын нислэгийн тасалбар захиалга, борлуулалтыг өнөөдөр зогсоох шаардлагатай болсон талаар “Kyodo” мэдээллээ.
“Бид Тээврийн Яамаар дамжуулан “Japan Airlines Corporation” компанийн удирдлагад аль болох хурдан хугацаанд системүүдийг сэргээж, саатлын улмаас хохирсон үйлчлүүлэгчдэд туслах хүсэлт тавьсан” хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши мэдэгдсэн байна.
Мэдээллээс үзэхэд, кибер халдлага ачаа тээшний боловсруулалттай холбоотой систем рүү чиглэсэн байгаа аж. Үүний улмаас “Japan Airlines Corporation” компани дотоодын 24 нислэгийг хойшлуулж, зарим олон улсын нислэгийн хуваарьт ч зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.
Кибер халдлагад өртсөн гэх асуудал орон нутгийн цагаар өглөөний 07:25 үед анх бүртгэгджээ. Японы бусад агаарын тээврийн компаниуд ийм халдлагад өртөөгүй байна. Кибер халдлагыг чухам хэн үйлдсэн байж болох таамаг, сэжиг байгааг эх сурвалж мэдээлээгүй байна.
(Эх сурвалж: Kyodo)