Шинэ он айсуй. Улиран одох гэж буй энэ онд бүх талаараа шинэ, шилдэг, шигтгээ байсан монгол уран бүтээлчдийн ажлуудаас онцолж байна. 2024 онд гарсан дуунуудад ногоон саарал, улаан суурьтай өнгө их ашиглагджээ.
НЭГ. Реппер ThunderZ “Эрэгтэй минь буруу” дуугаа энэ оны аравдугаар сарын 1-нд цацав. Уран бүтээлч хүн бүхэн ядаж л өөрийгөө давтахгүй юм сан гэсэн амбицтай байдаг болов уу. Заримдаа ч адилхан өнгө аяс, хэв маягтай дуу цацчихдаг байсан ThunderZ энэ дуугаар өөрийгөө ямар чадвартай, чансаатай уран бүтээлч гэдгээ тунхагласан гэж хэлж болно.
“…Чиний охин дэлхий
Бусдын хүү бол мэлхий”. Хүмүүс эр хүн уйлдаггүй гэж хүйсээр ялгаварлах нь бий. Энэ уран бүтээл бол хүйсээр нь ялгаж харьцдаг байдлыг, бэлгийн чиг баримжаагаар нь хүмүүст хэрхэн ялгаатай ханддагийг хүмүүст зүгээр л толь тусгаж байгаад харуулсан. Зураг авалтаа ч баялаг, кино шиг хийж чаджээ. Алив юмсыг хэт шүүж буруушаалгүйгээр надтай л адилхан амьдрах гэж тийчлэх байгаа зүрх шүү дээ гэж боддог, өгөөмөр нинж хүмүүсийг тэр уран бүтээлээрээ хайжээ. Энэ бол түүний туг болох уран бүтээл байлаа.
ХОЁР. “The voice of Mongolia” шоуны тайзнаа ассан гал бол Magnet Brain. Түүний хамгийн хит дуу нь “Soul Mantra”. Энэ онд тэрбээр “Tsuutan” хэмээх уран бүтээлээ цацсан нь бас л шинэ өнгө аяс. Яахын аргагүй л шинэ ажил байлаа. Энэ онд Монголд БНСУ-ын Mc sniper хоёр ч удаа ирсэн бөгөөд тоглолтын өмнөх хэвлэлийн хурлын үеэрээ Magnet Brain-тай хамтарч уран бүтээл хийхээр хандсан гэдгээ зарласан юм. Монголын нэрийг дэлхийд тахлах уран бүтээлч гэж л бодож явдаг даа. Тэр цаг удахгүй биз ээ.
ГУРАВ. Шинэ дуу. Шинэ уран бүтээлчид. Chotaro, Erdene хэмээх залуус энэ оны аравдугаар сард “Давалгаа” нэртэй дуугаа цацлаа. GangBay хамтлагийг үл ялиг санагдуулам. Гэхдээ л дууны үг, дүрсжүүлэлт нь найраглаг. Бичлэгийн өнгө ч саак.
ДӨРӨВ. Rokit Bay, Trishna нарын анхны хоршил бол “Галзуу новш”. Анхны гэж хэлдгийн учир нь тэд ахин хамтрах болов уу л гэж. Дүрсний хувьд хар, хуучны кино шиг ч дүрсний хэл, агуулгын тухайд бол эсрэгээрээ. Тэдний дараагийн хоршлыг тэсэн ядан хүлээж байна.
ТАВ. Хайр эмзэг, турьхан. The Royal Heartaches-ийн “6×6” бол 2024 оны хит байлаа. Бүгд л шаналж үзсэн учраас тийм дотно байсан болов уу, энэ дуу. Ая, үг бол яруу, яруу.