“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ шинэ оны босгон дээрх тусгай дугаартаа Жюү жицүгийн Монголын Жюү Жицүгийн холбооны менежер Ганбаатарын Монголжинг урилаа.
Түүний 2024 онд гаргасан амжилтуудыг танилцуулъя.
- Азийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль
- Тайланд гран при тэмцээн мөнгөн медаль
- Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүрэл медаль
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нөги төрөлд мөнгөн медаль
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багийн хүрэл медаль
Жюү жицүчид 2024 онд нийт 239 медаль зүүжээ
-Сайн байна уу? Айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. 2024 онд танай баг хамт олон амжилт өндөр байв уу?
-Сайн байна уу? Шинэ оны мэндийг хүргэе. Жюү жицүгийн баг тамирчид маань 2024 онд нийтдээ хилийн чанад дахь тэмцээн мөн дотооддоо болсон Олон улсын томоохон тэмцээн уралдаанаас нийт 239 медаль зүүсэн. Анх удаа 17 жилийн түүхэндээ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн нь гайхалтай байлаа. Энэ онд оролцсон тэмцээн бүртээ бидний үзүүлсэн амжилт урам зориг, эрч хүчийг өгсөн гайхалтай үйл явдал болсон.
Грект болсон жюү жицүгийн ДАШТ-ээс Г.Монголжин хүрэл медаль хүртэв
-Сайн байна уу? Айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. 2024 онд танай баг хамт олон амжилт өндөр байв уу?
-Сайн байна уу? Шинэ оны мэндийг хүргэе. Жюү жицүгийн баг тамирчид маань 2024 онд нийтдээ хилийн чанад дахь тэмцээн мөн дотооддоо болсон Олон улсын томоохон тэмцээн уралдаанаас нийт 239 медаль зүүсэн. Анх удаа 17 жилийн түүхэндээ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн нь гайхалтай байлаа. Энэ онд оролцсон тэмцээн бүртээ бидний үзүүлсэн амжилт урам зориг, эрч хүчийг өгсөн гайхалтай үйл явдал болсон.
-Олимпын өлгий нутаг Грект болсон ДАШТ-д манай улсын баг тамирчид түүхэн амжилтыг үзүүллээ. Өөрийн тань хувьд дэлхийн дэвжээнээс хүрэл медаль зүүж шинэ хуудас нээсэнд дахин баяр хүргэе.
-Грект болсон ДАШТ бүсний ангилалгүй буюу улс орон бүрийн жин болгоны шилдэг хоёр тамирчин эх орноо төлөөлөн өрсөлддөг чансаа өндөртэй тэмцээн. Грект болсон гэдэг утгаараа маш хүсч тэмүүлж, зунжингаа бэлтгэлээ маш сайн базаасан. Тиймээс ч зорьсныхоо үр дүнд төлөвлөснөө биелүүлж, санасандаа хүрсэндээ маш их баяртай байгаа.
Хамгийн гоё нь манай жингийн Шүрэнцэцэг бид хоёр байнга хамт бэлтгэлээ хийдэг. Бид хоёрын хамтын бэлтгэлийн үр дүн гарч, хамтдаа хоёулаа хүрэл медалийн төлөө барилдсан. Тэр бол маш гоё байсан. Мэдээж хоёулаа аваргын төлөө барилдах хүсэл зорилготой байсан хэдий ч нэг улсын хоёр тамирчин медалийн төлөө таарч барилдсан нь маш гайхалтай байлаа.
-Энэ жилийн жюү жицүгийн баг тамирчдын онцлог юу байв?
-2024 он бол бидний хувьд маш онцлогтой байлаа. Учир нь баг багаараа хилийн дээс алхаж, нийт 11 тэмцээнд амжилт дүүрэн оролцсон нь маш сайн үзүүлэлт байсан. Бүгд чансаа өндөртэй тэмцээнүүд. Тамирчид тэмцээн уралдаанд оролцохын хэрээр ур чадвар, арга барилаа ахиулан илүү туршлагажиж, хамгийн гол нь чансаа буюу оноо нь ахидаг байгаа. Үүнээс гадна Грект болсон тэмцээний нөги төрөлд 1 алтан медаль, 4 мөнгө, 5 хүрэл медаль зүүсэн.
-Монголын Жюү жицүгийн холбоо 17 дахь жилтэйгээ золгож байна. Энэ онд Зүүн Азийн АШТ-ийг эх орондоо хүлээн авч амжилттай зохион байгууллаа. Тэмцээн зохион байгуулах хэрээр танай холбооныхон илүү туршлагаждаг байх?
-Эх орондоо том чанартай тэмцээнийг зохион байгуулах эрхээ аваад үүний ард амжилттай гарна гэдэг нь нэр төрийн хэрэг. Дагаад спортоор дамжуулан аялал жуулчлал, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлдэг. Бид тэмцээнээр дамжуулан сайн дурын ажилтнууд буюу спортын волентёрыг давхар бэлтгээд явдаг. Анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн АШТ-ээр сайн дурын ажилтнуудыг бэлтгэж, спортын салбартаа маш чухал ажлын суурийг тавьж өгсөндөө баяртай явдаг. Энэ ч утгаараа Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуус сайн дураар спортын тэмцээн дээр ажиллаж, хэл усны мэдлэгээ дээшлүүлэх, дагаад туршлагажих, тухайн хүүхдийг тодорхойлох ур чадварын намтарын эерэг мэдээлэл нэмэгдэж өгдөг гэдгийг онцлоё.
-2019 он Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
-2023 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
-2024 он Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
– 2017 оноос “Ulaanbaatar Pro” Олон улсын тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж байна.
-Монголжингийн хувьд хэдэн оноос жюү жицүгээр хичээллэх болов? Энэ спортын яг юу нь өөрийг нь татсан бэ?
-Би айлын том. Багадаа дүү нараа хараад л хичээл сургууль, гэр гэсэн л маршруттай байлаа. Энэ үедээ өөрийгөө хөгжүүлэх тал дээр гээсэн байсан гэх үү дээ. Харин дүү нар том болоод би өөртөө цаг зав зарцуулах хэрэгцээ гарч ирсэн. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөөр эрс шийдсэн юм. Ингээд анх жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Үүнээс шилжээд жюү жицү рүү 2018 оноос орсон. Энэ төрлөөр хичээллэх болсонтой жүдогийн спорт зайлшгүй холбоотой.
Жюү жицү тамирчин хүнд ирээдүйд итгэх итгэлийг олгодог
Хамгийн гоё нь манай жюү жицүгийн ах, эгч нарын бүх л хүнд нээлттэй, эерэг хүлээж авдаг найрсаг харилцаа, гоё зан чанар надад маш их итгэлийг өгсөн.
Бүгд л инээж угтахаас авхуулаад, маш гоё хүлээж авсан. Хэн ч биш байсан намайг найр тавин хүлээж авснаар жюү жицүгийн өнөр бүл өнөөдрийн “Монголжин”-г бүтээчихээд байна.
Одоо тамирчнаас гадна холбоондоо менежерийн албыг хашаад хоёр жил болж байгаа.
О.Болд-Эрдэнэ багш миний хувьд зөв чиглүүлэгч “Алтан гадас” од шиг л байсан
-Анх жюү жицүгээр хичээллэж эхлэхэд нь анхны багш нь хэрхэн хүлээж авав?
-Жюү жицүгээр хичээллээд улсын аваргад амжилттай оролцоод медаль хүртчихсэн. Тэгээд энэ нь маш том урам болж, цаашлаад Азийн аваргад амжилттай оролцсон. Ингээд дараагийн зогсоол нь мэдээж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилго болж хувирсан. Манай аав О.Болд-Эрдэнэ багш руу утсаар холбогдоод ингээд би багшдаа шавь ороод дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гарч эхэлсэн дээ. Багш маань нэг их зүйл ярьдаггүй, өнөөдөр тэнд тэдэн цагаас бэлтгэлтэй гээд л ганц, хоёрхон үг хэлнэ. /инээв/
Би багшийнхаа хэлсний дагуу тэрийг нь хатуу баримталдаг байлаа. Нэг ёсондоо миний багшийн хэлсэн үг бүр надад “Алтан гадас” од шиг намайг зөв зүгт чиглүүлж өгч байсан даа. Үе үеийн спортын школа өөр өөр байдаг. Гэсэн хэдий ч манай багш миний үед тийм байсан гэх бус цаг үетэйгээ, одоо үетэйгээ маш сайн хөл нийлүүлж явдаг. Энэ ч утгаараа шавь нарынхааөдөр бүр шинэчлэгдэж буй цаг үетэйгээ илүү нарийн мэдрэмжээр дасан зохицож, торгон анзаарч, биднийг дасгалжуулан зөв хөгжүүлж чаддаг. Дэлхий дахинд ч спорт өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа. Багш нараараа бид маш их бахархдаг.
-Зарим хүмүүс ярьдаг. Охин хүүхдийг спортоор хичээллүүлэхээр бие хаа нь эвдэрдэг, эршүүд болгочихдог гээд хүүхдийнхээ сонирхлыг дэмжихгүй байх талтай байдаг. Харин эсрэгээрээ жюү жицүгийн охидууд бие хаа тэгш, зөв үлгэр дуурайлалтай, хөөрхөн эрч хүчтэй тамирчид бий. Охидууд спортоор хичээллэхээр гоо зүй талаасаа таны бодол?
-Харин би үүнийг яг бодож явдаг. Үнэхээр спорт гэдэг бол гайхалтай гоё салбар. Тодотгож хэлбэл эерэг талаасаа жюү жицүгийн тамирчин охид бид нарыг харчих л даа гэж хэлмээр байдаг. /инээв/
Анх Түвшинзаяа найзтайгаа ярилцаад ер нь хоёулаа жюү жицүгийн тамирчин охид ийм гоё бас бие бялдрын зөв хөгжил, бас хүмүүжилтэй гэдгийг олон нийтэд таниулахын тулд Mongolian BJJ girls пэйж хуудсыг нээсэн. Одоо энэ хуудас маань бүр албан ёсны болоод хөгжүүлээд явж байгаа.
Жюү жицү бол тамирчныг биеийн жинг нь тэнцүүлээд, жигд түвшинд гоё хөгжүүлээд өгчихдөг. Онцгой, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгож өгдөг. Тухайн тамирчныг чиний дутагдалтай тал юу байна, үүнийг нь засаад, харин хэрэгтэй байх ёстой талыг нь нэмж тодотгон хөгжүүлдэг л гэсэн үг.
-Спортоор дамжуулан хүн өөрөө алхам тутамдаа хүмүүжиж, өөрийн ертөнцөө нээж олдог онцгой салбар. Залуу хүний хувьд цаашдын зорилго төлөвлөгөөг сонирхоё?
-Би маш их азтай хүн. Жюү жицүд орсон цагаас л үеийн үед дандаа сайн багш нар надад заяадаг. Бүх л цаг үед төдийгөөс өдийг хүртэл намайг дэмжиж, шавьдаа олон зүйлийг зааж сургасан бүх сайхан багш нартаа дахин дахин баярлан талархаж явдгаа илэрхийлье. Мөн холбооны хамт олондоо үргэлж дэмжиж, чиглүүлэн авч явдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Жюү жицү тамирчны алдаа дутагдалтай тал дээр бус илүү чанарыг нь тодотгож хөгжүүлдэг спорт
Тэд маань өнөөдрийн намайг бүтээж өгсөн. Харин цаашдаа багш нар, хамт олон маань намайг авч явна гэж боддог. Залуу хүний хувьд хийж бүтээх, бүх л өдрийг завгүй өнгөрүүлэх тод томруун ирмүүн хүсэл, мөрөөдөл надад их бий.
Одоо л залуу байгаа дээрээ хийж бүтээх гэж өмнөө зорилго тавьсан болгоноо биелүүлэх, үүнийхээ төлөө зогсолтгүй урагшлан хөдөлмөрлөхийг хүсч явна. Хожмоо нэг өдрийг ч үр бүтээлгүй, дэмий өнгөрүүлсэндээ харамсахгүйн тулд би өөрийгөө бүрэн дайчилж байгаа.
Г.Монголжин: Цаашид багш нар, хамт олон маань намайг залж авч явна
-2025 онд танай баг хамт олны өрсөлдөхөөр төлөвлөсөн томоохон тэмцээн уралдааны хуваарь гарсан уу?
-2025 онд дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ өнөдөр амжилт үзүүлэхийг зорьж байна. Дэлхийн наадамд чансааны эхний 6-8 тамирчин оролцох эрх олгодог. Миний хувьд дэлхийд чансаагаараа эхний 3-т бичигдэж байгаа. Мөн бид багаараа анх удаа хүрэл медаль зүүсэн учраас дараагийн зорилго бол ДАШТ-д багаараа өндөр амжилт үзүүлэхээр бэлтгэж байна.
Тамирчид бид өдөр бүр бэлтгэлээ хийгээд л тогтмол тэмцээнд оролцдог. Энэ нь байнгын л өдөр бүр ур чадвар, туршлагаа ахиулах том суурь болж өгдөг.
Г.Монголжин дэлхийн чансааны гуравдугаарт байрт эрэмбэлэгдэж байна
Ярилцсанд баярлалаа. Та бүхний спортын замналд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Шинэ оны баярын мэндийг хүргэе.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг бүтнээр нь хүлээн авч үзэхийг хүсвэл доорх линкээр нэвтрэн орохыг санал болгож байна.