2024 онд какао шошны үнэ дэлхийн хөрөнгийн зах зээл дэх бусад активуудаас илүү хүчтэй өсөлт үзүүлж, биткойн болон АНУ-ын хувьцааны зах зээлд давуу үзүүлэлттэй болж магадгүй хэмээн шинжээчид дүгнэж эхэллээ. Какао шошны үнэ 2024 он гарснаас хойш хоёр дахин нэмэгдсэн ба арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар нэг тонн нь 12.931 мянган америк долларт хүрч шинэ дээд амжилт тогтоосон. Энэхүү үнийн өсөлт ойрын хугацаанд ч зогсох шинжгүй байгаа аж.
ING буюу “Нидерландын олон улсын групп” банкны мэдээлснээр, 2023 болон 2024 оны хөдөө аж ахуйн салбарт какао шошны нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь сүүлийн 60 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй үзэгдэлд тооцогдож байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн арилжаа хаагдах үеэр какао шошны гуравдугаар сарын фьючерсийн үнэ нэг тонн нь 11.954 мянган америк долларт хүрсэн. “Dow Jones Market Data”-гийн мэдээллээр, энэ он гарснаас хойш ойрын фьючерсийн үнэ бараг 2.9 дахин өссөн үзүүлэлттэй гарсан.
Харин, энэ хугацаанд биткойн 2.3 дахин өссөн бол S&P 500 индекс 25 хувиас бага өсөлттэй гарчээ. Дэлхийн какао шошны зах зээлд дэмжлэг үзүүлж буй гол хүчин зүйл нь какао үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Кот-д’Ивуар улсад нүүрлээд буй тааламжгүй цаг уурын нөхцөл байдал. Дэлхийн далайн температурын огцом өсөлт нь цаг уурын таагүй нөхцөлийн улмаас Баруун Африкийн бүс нутгуудын ургац хураалтад хоёр жил дараалан ийнхүү хүндээр нөлөөлж байгаа юм. Олон улсын какаогийн байгууллага (ICCO)-аас гаргасан таамаглалаар, 2023-2024 онд хөдөө аж ахуйн салбарт жилд Дэлхийн какао шошны үйлдвэрлэл 478 мянган тонноор буурч, өмнөх оныхоос 13.1 хувиар багасна гэжээ. Мөн оны эцэст Дэлхийн нөөц 26.8 хувиар буурах төлөвтэй байна.
Шоколад үйлдвэрлэлийн гол орц болох какао шошны үнийн огцом өсөлт нь одоогоор хэрэглээнд нөлөөлөөгүй байна хэмээн салбарын шинжээчид онцолж байна. “Цаг уурын таагүй нөхцөл үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг ч хэрэглэгчдийн эрэлт өндөр хэвээр байна. Хүмүүс кофе, шоколад зэрэг зүйлсээс татгалзахгүй хэрэглэсээр байгаа” гэсэн дүгнэлт бий. Нийлүүлэлт хомсдож байгаа нь улирлын шинжтэй үнийн өсөлттэй хавсран какао шошны үнийг цаашид нэмэгдүүлэх магадлалтай байгаа аж. Ялангуяа баярын үеэр хүмүүс шоколад ихээр худалдан авдаг тул үнэ нь ч тэр хэрээрээ өсөх хандлагатай байдаг. Даваа гарагт АНУ-ын зах зээлд какао шошны гуравдугаар сарын фьючерсийн үнэ 0.5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: WSJ