Монголын эдийн засгийн чуулган-2024 “Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia” уриан дор 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Төрийн ордонд зохиогдлоо.
Чуулганы хоёр дах өдрийн 11-р салбар хуралдааныг “Эрдэнэс Монгол” нэгдлээс зохион байгуулж, “Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага” сэдвийн дор хэлэлцүүлэг явууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, “Монголын Эдийн Засгийн Форум”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ, “StoneX” компанийн Санхүүгийн шинжээч Хуан Пабло нар урилгаар оролцсон юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийг төлөөлж Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ панелистаар оролцсон бөгөөд сэдвийн хүрээнд оролцогчид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ач холбогдол, төрөлжсөн сангуудын хуваарилалт, орлого төвлөрүүлэлт, хөрөнгө оруулагч болон хувийн хэвшлийн оролцооны талаар асууж хэлэлцүүлэг өрнүүллээ.