“Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд” уриатай Монложистик групп Монгол Улсын ачаа тээврийн салбарт 2005 оноос эхлэн олон улсын стандартыг нэвтрүүлж, эцсийн харилцагч үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэхээр тээвэр ложистикийн чиглэлээр үйл ажиллаагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 250 ажилтан, 163 орны 800 гаруй түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчтэй салбартаа тэргүүлэх зэрэглэлийн групп болоод байна.
Өнгөрөгч 2023 онд тус компани олон нийтэд нээлттэй хувьцаа санал болгон, компанийнхаа 15%-д IPO хийж нээлттэй ХК болоод байгаа юм. Бид тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбаттай ярилцлаа.
Монголын тээврийн салбарт Монложистик групп бол томоохон төлөөлөгч компани юм. Танай компани 2024 оныг ямар төлөвлөгөөтэй эхлүүлж, ямар амжилтыг гаргасан бэ?
2024 онд бид нарын хувьд их онцлогтой жил байсан. Учир нь бид нар 2023 оны 9 дүгээр сард IPOхийж олон нийтэд нээлттэй компани болсон. 2024 он бол үйл ажиллагаагаа нээлттэй компаниар явуулсан анхны жил байлаа. Энэ утгаараа бид нар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө стратегийн бэлтгэлтэй байж томоохон ажлуудыг энэ жил төлөвлөсөн. Бид бизнесийнхээ стратеги зорилтыг хоёр үндсэн зорилтод хуваадаг. Нэгдүгээрт өсөлт, хоёрдугаарт тогтвортой хөгжлийн ажлууд байдаг. За өсөлтийн ажлын хүрээнд бид нар группийн хэмжээнд нэг салбарт хамгийн анхны компани нэгтгэх, худалдан авах үйл ажиллагааг хийнэ гэж зорьж байсан. Тэр зорилтынхоо хүрээнд суудлын автомашины импортоор тэргүүлэгч, Тэсо группийн 100% эзэмшлийн “Төв Азийн зам” компанийг 51%-ийг худалдан авч, хөрөнгө оруулалт хийж групптээ нэгтгэсэн. Мөн IPO хийсэн гол зорилго болох вагоны худалдан авалт буюу нийт босгосон 11 тэрбум төгрөгийн 80%-ийг нь 100 тавцан вагон авахаар төлөвлөсөн ч төмөр замын бүтээн байгуулалт саатсан, эрх зүйн орчин нь тодорхойгүй байгаа учраас бага зэрэг өөрчлөн, 50 полувагон авах шийдвэрийг гаргаж стратегийн шилжилт хийсэн.
Түүнчлэн ОХУ, Украйны дайнтай холбоотой вагон үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл дайны горимд шилжсэн учраас вагон үйлдвэрлэгчийн сонголт хумигдсан. Бид ОХУ-ын хамгийн том вагон үйлдвэрлэгч төдийгүй дайны зэвсэг үйлдвэрлэдэггүй ямар нэгэн санкцгүй нийлүүлэгчтэй гэрээ байгуулахыг чухалчлан ажилласан. Үүний үр дүнд эхний вагонуудаа хүлээн аваад байна. Ингээд компанийн өсөлтийн стратегийн хүрээнд төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжээд явж байна. Бид өнгөрөгч долоо хоногт Тянжинь хотод БНХАУ-ын тээврийн томоохон компанитай хамтарсан охин компани байгуулсан. Энэ нь урт хугацаанд эцсийн хэрэглэгчид очих тээврийн өртгийг бууруулах, тээвэрлэлтийн хугацааг богиносгох, тээврийн шинэ маршрут хөгжүүлэх гээд маш том үр ашигтай бөгөөд 2025 оны хоёрдугаар улирлаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Компанийн тогтвортой хөгжлийн хүрээнд группийн хэмжээнд ISO9001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүллээ.
Манай компани 2024 онд дижитал шилжилтийг эрчимжүүлсэн. Үндсэн суурь 2 кор программаа бүрэн шинэчилж, үүн дээр суурьлан ирэх жилүүдэд илүү өндөр бүтээмжтэй ажиллах, үйл ажиллагаандаа автоматжуулалтуудыг нэвтрүүлэх, харилцагч болон олон улсын түнш байгууллагуудыгаа нэгдсэн системд уях зэрэг чухал суурь ажлуудыг хийсэн.
2024 онд нээлттэй хувьцаат компани болсноор хувьцаа эзэмшигчдийн бүтцэд ямар өөрчлөлт орсон бэ?
Бид IPO хийхдээ нийт компанийнхаа 15%-ийг олон нийтэд гаргасан. Манай хувьцаа эзэмшлийн бүтэц өөрөө IPO хийхээс өмнө ч нэлээн тарсан бүтэцтэй байсан. Одоо манай хамгийн том хувьцаа эзэмшигч, хоёр үүсгэн байгуулагч тус бүр компанийн 27%-ийг эзэмшдэг. Нээлттэй болсноор мянга гаруй хувьцаа эзэмшигч орж ирсэн. Ингээд хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашгаа тараасан.
Монложистик групп тээврийн үйл ажиллагааг хэрхэн хийж байна вэ?
Бид өөрийн толгой компанийн доор үйл ажиллагаа эрхэлж байгаа 9 охин компанитай. Эдгээрийн нэг нь Тянжиньд, нэг нь Эрхүү хотод, үлдсэн 7 нь Монгол Улсад тээврийн зах зээлийн сегмент бүр дээр төвлөрсөн үйл ажиллагаагаа хариуцаад явж байна. Бид 2024 онд нийт 130 гаруй улсаас импортын тээвэр, Монгол улсаар дамжин өнгөрч байгаа транзит тээврийг хийж, нийт транзит тээврийн зах зээлийн 30 орчим хувийг хийж байна. Экспортын тээврийн хувьд манай компани шинэ шинэхэн тоглогч. Төмөр замаар суурилсан экспортын үйл ажиллагааг тогтмол хийж, өөрийн байр суурийг бий болгохоор ажиллаж байна.
Ярианы эхэнд вагон худалдан авч буй тухай дурьдсан нь энэ зах зээлд голлон ашиглагдаж байна. Тээврийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж байхад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх боломжтой ямар асуудлууд байна вэ?
Тээврийн салбарын гол ачааллыг үүрч, нугалдаг гол төмөр зам болох УБТЗ-ийн Замын-Үүд–Сүхбаатар төмөр зам үнэхээр ачааллаа дийлэхээ больсон нь сүүлийн жилүүдэд онд маш тодорхой харагдлаа. Өнгөрсөн жилүүдэд манай Засгийн газрын бодлого илүү экспортоо тэлэх үүднээс экспортынхоо дэд бүтцийг илүү анхаарч явсан. Монголын Төмөр зам, Тавантолгой төмөр зам, Ханги мандалын төмөр зам гээд 3 том төмөр замыг ашиглалтад оруулсан.
Харин одоо эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр импортын ачаа тээвэр нэмэгдсэн учир импортын дэд бүтэц хүрэлцээгүй байдал нилээн тулгамдсан асуудал болж байна. Монгол Улс Замын-Үүд-Сүхбаатар чиглэлийн ганц босоо төмөр замтай. Энэ нь УБТЗ гэдэг компанийн харьяа, бүрэн мэдэлд байдаг. Монгол болон ОХУ-ын 50%, 50%-ийн эзэмшилтэй. УБТЗ компанийн энэ төмөр зам өнгөрсөн хугацаанд Тяньжинээс ирж байгаа Монгол Улсын импортын ачаа тээвэр буюу ойролцоогоор сард 45 цуваа галт тэрэг Замын-Үүд рүү аялдаг байсан. Энэ үед манай төмөр зам ямар нэг асуудагүйгээр энэхүү ачааллыг шинээгээд авч байсан. Гэвч одоо бидний хэрэгцээ 45 цуваанаас илүү болсон ба манай төмөр зам импорт талд илүү ачаалал авах хэрэгтэй болсон. Харин манай төмөр зам өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд транзит тээвэр маш ихээр нэмэгдсэн учраас хүчин чадал нь дээд цэгтээ тулж илүү ачаалал хүлээж авах чадваргүй болчихсон.
Үндсэндээ ганц босоо төмөр зам болон түүнийг дагалдах дэд бүтцүүд маань импорт болон транзит тээврийн эрэлтээ хангаж чадахаа болиод байна. Тэгэлээр бид мэдээж өөрийн импортыг асуудалгүй шингээх чадвартай мөн ОХУ-БНХАУ-уудын хоорондох транзит ачаа урсгалаас илүү ихийг авах чадвартай дэд бүтцийг бий болгох дээр анхаарах ёстой. Тиймээс манай улсын Зүүн коридор буюу Чойбалсан-Хөөт-Бичигтийн босоо төмөр замыг маш хурдан хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай юм. Ингэснээр гол төмөр замын ачааллыг хувааж ачаа эргэлтийг илүү сайжруулах бүрэн боломжтой юм.
Монгол Улсын ачаа тээврийн салбартаа цаашид юуг анхаарч, ямар бүтээн байгуулалтыг хийх нь оновчтой вэ?
Монгол Улсын хувьд ойрын хугацаанд Өмнөговь аймагт баригдсан шинэ төмөр замуудын хилийн холболт болон Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх дээр л бүрэн төвлөрч ажиллаасай гэж хүсэж байгаа. Нэг нь манай эдийн засгийг тэлэх экспортыг дэмжинэ, нөгөө нь бидний импортын бүтээмжийг нэмэх ба транзит орлогыг нэмэгдүүлнэ. Энэхүү Бичигтийн төмөр зам нь БНХАУ-ын санаачлага болох “Бүс ба зам” төслийн концепц-д багтдаг учир Хятадын компаниуд үүнд хөрөнгө оруулах сонирхолтой гэж дуулсан. Харин нөгөө талаасаа ОХУ одоо үндсэн бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-с 3 сувгаар авч байна. Казахстан, Монгол, Манжуур. Энэ 3 суваг нь гурвуулаа одоо маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс оросуудын хувьд Бичигтийн зүүн коридорыг нээх сонирхол өндөр гэж харж байгаа юм.
Монложистик групп 2025 онд эрсдэлийг сөрсөн ямар одоо бодлого, төлөвлөлттэй ажиллахаар зорьж байгаа вэ?
2025 оны хувьд бид том амбицтай бизнес төлөвлөгөөг ТУЗ-өөрөө батлуулсан. Нэгдүгээрт бид оруулж ирж байгаа вагонуудаа үр ашигтай тогтмол ажиллуулах, хоёрдугаарт сая үүсгэн байгуулсан Тяньжиний компанийг бусад охин компаниудтайгаа уялдуулж ажиллуулах, үр ашгийг өгөх, Тяньжин компани дээрээ далайн тээврийн болон Хятадын төмөр зам, бусад холбогдох энэ гинжин хэлхээний чухал оролцогч талуудтай түншлэлийн гүнзгий харилцааг бий болгож, хөгжүүлж, илүү сайжруулсан нөхцөлөөр хэлцэл хийх ажил бий. Нөгөөтээгүүр бид урт хугацааны дэд бүтцийн төслүүдийг нэлээдгүй судалж байгаа ба үүнтэй холбоотой гаднын хөрөнгө оруулалт татах бэлтгэл ажил эхэлнэ. Ирэх онд эдгээр ажил, төлөвлөлтөө хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь төр, Засгийн бодлого маш тодорхой, тогтвортой байх шаардлагатай байна. Төрийн бодлогын тодорхой бус байдалд бизнес эрхлэгчид том алхам хийж чадахгүй мөн гадны хөрөнгө оруулалт татах боломжгүй юм.
Төр, засгийн бодлогын тогтворгүй, тодорхой бус байдал бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөө үзүүлж, гадны хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд эрсдэл учруулсаар ирсэн. Энэ байдал танай үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
Тухайлбал, 2023 оны долдугаар сард “Төмөр замын тээврийн тухай” буюу манай салбарын маш чухал хуулийг УИХ баталж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжих байсан ч 2025 оны нэгдүгээр сар болгон хэрэгжилтийг хойшлуулсан. Гэтэл 7 хоногийн дараа 2025 он гарах гэж байна. Хуулийн хэрэгжилтийн талаар хэн ч ярихгүй, хэрэгжүүлэх ямар ч алхам хийгдээгүй байна. Хууль хэрэгжихгүй байгаа учраас төмөр замын бодлого, бүтээн байгуулалт хоорондын уялдаа холбоогүй болчихоод байгаа юм. Төмөр зам дээр тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд үүнийг дагаад тодорхойгүй байдалд орж, гадны хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр эрсдэл байна гэж үзсэн хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна.
Гадаад хөрөнгө оруулагчид манай улсад, тээврийн салбарт хөрөнгө оруулах сонирхол хэр байна вэ?
Монгол Улсын эдийн засаг өсөж байна, хөрш орнууд, их гурнүүдийн дунд ази, европыг холбосон газар зүйн байрлал зэрэг нь хөрөнгө оруулагчдын яах аргагүй сонирхлыг татаж байна. Бид үүнийгээ давуу тал болгон тээвэр, ложистикийн салбартаа томоохон бүтээн байгуулалтууд хийж, зөв хөрөнгө оруулалтыг татах юм бол асар их боломж бидэнд нээгдэх юм. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид татварын орчин гэхээс илүү Монголын төр, засгийн бодлого тогтвортой байх юм бол хөрөнгө оруулах боломжтой гэдгээ илэрхийлсээр байгаа.
Баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.