Аймгийн заан С.Доржпаламд өөрийнх нь хөргийг шигтгээт наамлаар урлаж, бэлэглэсэн Э.Хулантай ярилцлаа.
Тэрбээр “Бөхийн замнал хэцүү. Бэртэл гэмтэл авна. Алдаа,оноо, унаа, даваа дундаа л амьдарна. Тэр утгаараа дэмжигчийнх нь хувиар сайн барилдаад улсын цолонд хүрээрэй, юу болсон битгий шантраасай, өөрийг чинь дэмждэг олон хүн байдаг шүү гэдгийг мэдрээсэй гэж бодож, бэлэг бэлдсэн.
Миний хувьд 2024 оны тавдугаар сард хамрын хагалгаанд орсон юм. Эмнэлэгт хэвтэж байх үедээ С.Доржпаламын зургийг шигтгээт наамлаар хийж эхлээд, зургаадугаар сарын 2-нд дуусгасан. Тэгээд оноос өмнө нь өгсөн нь зөв байхаа гээд, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн оны отгон барилдаан дээр зорьж очиж бэлгээ өгсөн. С.Доржпалам их даруу бөх байна лээ. Ёстой их баярлалаа гээд, нүүрэнд нь мишээл тодорч байсан. Бэлэг маань өөрт нь бас эхнэрт нь ихэд таалагдсанд баяртай байна. Хүмүүс “С.Доржпалам яах бол, ийх бол. Улсын цолонд ойрхон байгаа юу” гэж их асуудаг л даа. Тэдэнд “Манай С.Доржпаламын шийдэмгий барилдаан, даруухан зан нь удахгүй улсын цолонд хүргэчихнэ ээ. Асуултгүй ээ” гээд хэлчихдэг юм” гэлээ.
Түүний хувьд С.Доржпаламаас гадна Улсын аварга Оргихын Хангай, Улсын арслан Цэдэвийн Содномдорж нарыг дэмждэг юм байна. Мөн бөхийн дүйц тэмдэглэдэг. Түүгээрээ ном гарахаар зорьж байгаагаа нуусангүй.
МУБИС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан. Сурахын хажуугаар нэгэн хувийн сургуульд багшилдаг. Энэ намар тавдугаар анги дааж авсан юм байна.
Тэрбээр үргэлжлүүлэн “Үндэсний дархлаатай багшаас үндэсний дархлаатай шавь төрнө гэдэг үг бий. Миний дааж авсан ангид “Би Монгол Улсын аварга болно” гэсэн нэг хүүхэд бий. Аварга болоосой гэж аминчлан боддог доо” хэмээв.
Хүмүүс охидыг бөхийн мэх мэдэхгүй юм байж бөх үзэж яадаг байна гэж элдэвлэх нь бий. Үүн дээр тэрбээр “Би ч гэсэн анх мэх мэдэхгүй, бөхчүүдийн нэрийг нь л мэддэг байсан. Ямар мэхээр давсанг нь мэдэхгүй ч давсанд нь л баярлаж байгаа юм чинь. Одоо ч олон жил аавтайгаа бөх үзсэний хүчинд тайлбарлагч нарын яриаг сонссоор овоо мэддэг болоод л байна. Америкт эмэгтэйчүүл нь хөл бөмбөг үзэж л байдаг. Дээр үед ч гэсэн Монгол бөхийг эмэгтэйчүүд үзэж л байсан. Тиймээс Монгол бөхийн өргөөнд эмэгтэй хүн бөх үзэхээр очиход эвэртэй туулай харсан аятай байж, элдэв үгээр хэлэхээ болиосой гэж хүсдэг” гэлээ.
Бичлэгийг энд дарж үзээрэй.
Сайн байна уу. Үндэсний дархлаа болсон монгол бөхөө дэмжиж явдагт нь бахархаж байна. Ажил амьдралд сайн сайханыг хүсье.