Бид тэднийг “үүнийг ойлгоход хэтэрхий балчирдана” гэж бодож, итгэдэг. Гэтэл тэд юунд ч балчирддаггүй гэдгийг сүүлийн үед хийж буй шинжлэх ухааны нээлт, судалгаа баталсаар байна.
Эко Гэр цэцэрлэгийн бяцхан уран бүтээлчид өөрсдийн 160 гаруй дахин давтагдашгүй бүтээлээр Монгол арт галерейд томоохон үзэсгэлэн дэлгэлээ. Тэдний бүтээл бүрд хязгааргүй төсөөлөл, хайрцаглагдаагүй сэтгэл хөдлөл эдгээрийн цаана гэрэлтэх дотоод ертөнц нь нар болон тусжээ.
Б.Мөнхсар 3 настан
МИНИЙ ЗУРГИЙГ ОЛОН ХҮН ҮЗЭХЭЭР ИНЭЭМЭЭР САНАГДАЖ БАЙНА
-Чамайг хэн гэдэг вэ?
-Намайг Мөнхсар гэдэг. Би гурван настай.
-Чи бүтээлдээ юу зурсан бэ?
-Би чулуун дээр савлуур зурсан.
-Зургийг нь аав ээж нь бусад олон хүмүүс үзэхээр ямар мэдрэмж төрж байна?
– Гоё байна, инээмээр байна
– Яриа өгсөнд баярлалаа.
– Баярлалаа. Хайртай шүү
Б.Гүнбилэг 5 настан
МОНГОЛ УЛСАА ХАМГААЛАХ ЦЭРЭГ БОЛОХ УЧРААС ИЙМ ЗУРАГ ЗУРСАН
-Гүнбилэг зурган дээрээ юу юу зурсан бэ?
-Цэрэг бас буу, танк, морин хуур бас цэргүүд зурсан. Бас Монгол улсынхаа далбааг зурсан.
-Яагаад Монгол улсын далбааг цэрэг, буу, танктай хамт зурсан юм бэ?
-Би Монгол улсаа хамгаалах цэрэг болох учраас
-Ямар гоё агуулгатай зураг вэ? Баярлалаа чамд
-Та нарт бас баярлалаа
Н.Эсэнцэцэн 5 настан
СЭТГЭЛ ДОГДЛООД БАЙНА АА
-Эсэнцэцэн өнөөдөр зургаа үзэсгэлэнд тавьсан юм байна. Зураг нь маш гоё өнгөлөг харагдаж байна. Зургаа зурахдаа юу бодож зурсан бэ?
-Би өмнө нь Солонгос, Бээжин рүү аав ээжтэйгээ аялаж байсан. Тэгээд зургандаа Солонгос гадаад үзэсгэлэн гэж нэр өгсөн.
-Олон хүн зургийг нь үзэхэд ямар мэдрэмж төрж байна?
-Гоё, сэтгэл догдлоод байна аа.
Хүүхдүүд зөвхөн бүтээлийн үзэсгэлэн дэлгээд зогсолгүй, дуу бүжиг загварын шоуг эцэг эхчүүддэ толилуулсан юм. Бүхий л үзүүлбэрийн агуулга сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ танихад чиглэсэн байсан нь тунчиг сонирхолтой байв.
Б.Баттуяа Эко Гэр цэцэрлэгийн захирал
ХҮҮХДҮҮД МААНЬ ЯМАР САЙХАН БҮТЭЭЛ УРЛАА ВЭ ГЭЖ ХАЙРЛАЖ ДУРЛАН ҮЗЭЖ БАЙНА
Маш олон өвөрмөц ертөнцөөр аялуулсан энэ гайхалтай бүтээлүүдийг үзээд үнэхээр сэтгэл догдлож байна. Яг урд нь зогсож байгаа энэ бүтээлээр яриагаа эхэлье. Яагаад вэ гэхээр үзэсгэлэнгийн танхимд ороод ирэхэд энэ бүтээл хамгийн түрүүнд миний харцыг татсан. Энэ бол нэг настай, хоёр настай хүүхдүүдийн бүтээл. Хүүхдүүдийнхээ гутлыг тайлаад энэ канвас дээр гаргасан. Хүүхдүүд маань нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэгийг харуулах зорилготой бүтээл байсан гэх үү дээ. Тухайн үед энэ ч бүтээл болохгүй нь дээ гэж айж байсан чинь одоо эргээд харахад хүүхдүүдийн маань инээлдэж ,аз жаргалтай байсан тэр дүр зураг шууд харагдаж байна. Зураг ямар гайхалтай амьтай юм бэ хүүхдүүд маань ямар гайхалтай бүтээлийг бүтээж чадаа вэ гэдгийг нь ахиад л хайрлаж дурлан үзэж байлаа. Хүүхдүүд маань зурган дээрээ ямар олон деталиудыг буулгаж өгөө вэ, ямар гоё өнгөнүүдээр тоглоо вэ.Зураг болгон дээрээ хүүхдүүд маань өөрийнхөө хайртай зүйлийг илэрхийлэхдээ маш гоё томоор цаасаа дүүртэл зурсан байгаа нь манай хүүхдүүд үнэхээр бүтээлч, өөртөө итгэлтэй болж байгаа нь харагдаж байна.